Энгийн иргэд 300 доллар төлж байж Алеппо хотоос гарч явах боломжтой
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМАЛЕППО. /TASS/. Хүмүүнлэгийн коридороор дамжин Алеппо хотоос гарах гэж буй энгийн иргэд мөнгө төлөх ёстой гэж тус хотод байгаа террористууд мэдэгджээ. "Жаиш аль-Фатех" босогчдын эвслийн Цэргийн дээд зөвлөлөөс тараасан ухуулах хуудсанд энэ тухай дурдсан байна.
“Бөмбөгдөлт болон Сирийн армийн бүслэлтийн улмаас энгийн иргэд ямар их зовлон амсч байгааг манай удирдлага ойлгож мэдэрсэн. Тиймээс бид ахан дүүстэйгээ зөвлөлдөж, 14-өөс доош насны хүүхдүүд, 55-аас дээш насны ахмадууд тус бүр 150 мянган сири лир /300 доллар/ төлсөн тохиолдолд тэдэнд хотоос гарах боломж олгоно. Энэ мөнгийг галын шугамд дайтаж буй ахан дүүстээ тусламж хүргэхэд ашиглах болно” гэж ухуулах хуудсанд бичжээ.
300 доллар гэдэг бол Алеппо хотын зүүн хэсэгт амьдардаг иргэдийн хувьд асар их мөнгө юм. Тэдэнд доллар битгий хэл дусал ус ч алга.
“Бид хаанаасаа 150 мянган лир олох вэ? Хэрвээ мөнгөгүй бол яах вэ? Мөнгөгүй бол үхнэ гэсэн үг үү? Бид эндээс явахыг хүсч байна. Амьд гарах нөхцөл алга” гэж хотын оршин суугчид ярьж байна.
Сири болон Оросын арми энгийн иргэдийн хамгаалах зорилгоор хүмүүнлэгийн 8 коридор байгуулсан бөгөөд эдгээр коридорыг энгийн иргэд болон босогчдын аль аль нь хотоос гарах зорилгоор ашиглаж болох юм.
Д.Нямтулга