“Гэгээн муза-18” наадамд нэр дэвшигчид батламжаа гардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. “Гэгээн муза-18” театрын наадамд нэр дэвшигчдэд өнөөдөр батламж гардууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор энэ сарын 16-нд зохион байгуулах энэхүү наадмыг хоёр шаттай зохион байгуулах юм. Эхний шалгаруулалт нь нийслэлийн театруудад энэ сарын 16-22-нд болно. Харин сүүлийн шатны шалгаруулалт буюу улаан хивсний ёслолыг “Корпорейт конвейшн центр”-т энэ сарын 24-нд зохион байгуулах аж. Уг наадмын үндсэн жүжгийн ангилалд “Драмын жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”-д шилдгүүдийг шалгаруулах бол бэсрэг жүжгийн ангилалд “Хоёр хүний", “Нэг хүний" жүжгийн төрлөөр тус тус шилдгийг тодруулах юм.
Арван найм дахь удаагийн тус наадамд Монгол, Уганда, Дани, Словени, Хонконг, Япон, Румын, Грек, АНЭУ, Тунисын уран бүтээлчид болон зочин шүүгчид оролцох юм.
Наадмын нэгдүгээр шатны үзлэгт гадаад, дотоодын 92 бүтээл ирснээс 23 нь шалгарч, дөрвөн төрлийн 21 номинацад нэр дэвшин өрсөлдөх аж. Наадмын II шатанд шалгарч үлдсэн жүжгүүдийг энэ сарын 16-22-нд нийслэлийн театруудад тоглоно.
“Гэгээн муза-18” наадмын талаар ардын жүжигчин С.Сарантуяа ярихдаа, “2024-2025 онд төв болон орон нутаг, хувийн театр, чөлөөт уран бүтээлчдийн хэмжээнд хамгийн олон жүжиг хийсэн. Гол онцлог нь хүүхэлдэйн бүтээл туурвигч уран бүтээлчдээс ирсэн хүсэлтийн дагуу Хүүхэлдэйн жүжгийн төрлийг шинээр оруулах бөгөөд үүнийг номинацаар бус бүтээлээр шалгаруулна. Энэ нь хүүхэд, багачуудад зориулж бүтээлээ туурвидаг уран бүтээлчдийг дэмжиж буй хэлбэр юм. Олон бүтээл туурвихын хэрээр уран бүтээлчдийн ур чадвар өрсөлдөх, дүгнэх, бие биеэсээ туршлага судлах хэмжээнд ажиллаж байна” гэв.
“Гэгээн муза”-гийн үндсэн болон бэсрэг жүжгийн дөрвөн төрөлд гадаадын уран бүтээлчид өрсөлдөхөөр саналаа ирүүлсэн нь өмнө жилийнхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэнийг зохион байгуулагчид онцоллоо.