Канад-Монголын хамтарсан төслийг орон нутагт хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-06 10:44:53

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх зорилготой Канад-Монголын “Мерит” төслийг нээлээ. 


Канад Улсын санхүүжилттэй "Хүний эрх, ёс зүйг дээдэлсэн, хүртээмжтэй төрийн албаны шинэчлэлийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх" тус төслийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд орон нутгийн иргэдийн хэрэгцээнд тулгуурласан, хүртээмжтэй, иргэн төвтэй төрийн албыг чадавхжуулж, төрийн үйл ажиллагаанд иргэдийн мэдлэг, оролцоо өсөх гэхчлэн чадавх нэмэгдэх юм.


Тус төслийг Каталист плас байгууллага хэрэгжүүлэх юм. Энэхүү байгууллага 2016-2024 онд хариуцлагатай уул уурхайн салбарын засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлсэн юм. 


Төслийн хүрээнд Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн Үндэсний комисс, Жендэрийн үндэсний хороо зэрэг төрийн болон орон нутгийн байгууллагатай хамтарч, төрийн албаны өнөөгийн нөхцөл байдал, эрэлт хэрэгцээнд тохирсон туршлага, арга аргачлалыг нэвтрүүлнэ. Мөн төслийн ажилтан, мэргэжлийн зөвлөхүүд нь орон нутгийн төрийн албаныханд зөвлөх үйлчилгээ хүргэх юм. 


УИХ-ын гишүүн, Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Г.Дамдинням ярихдаа, “Канад Улс хүний эрхийг дээдэлсэн, нийгэмтэйгээ ойлголцдог, жендэрийн мэдрэмжтэй төрийн албатай гэдгээрээ дэлхийд тэргүүлдэг орны нэг. Мерит төслөөр дамжуулан манай улсад туршлагаа хуваалцаж байгаад нь талархаж байна. Энэ нь бүсийн хөгжлийг сайжруулах чиглэлд хэрэгжүүлж буйгаараа онцлогтой. Тухайлбал, төвийн бүсээс Дархан-Уул, баруун бүсээс Увс, говийн бүсээс Дундговь, зүүн бүсээс Сүхбаатар аймагт төвлөрч, төрийн албан хаагчдад сургалт явуулж, чадавхжуулах юм” гэв.


Канад-Монголын "Мерит" төслийн суурин төлөөлөгч Женифер Адамс хэлэхдээ, “Бид төрийн албаны тухай хууль орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаад анхаарч байна. Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагч энэ хуулийг хэрхэн ойлгож, хэрэгжүүлж байгаагаас иргэн төвтэй төрийн үйлчилгээ хүрч байгаа эсэх нь харагддаг. Засгийн газрын үйл ажиллагаа ч үүнд үндэслэн хэрэгждэг. Иймээс орон нутгийн засаг захиргааг зайлшгүй сайжруулах шаардлагатай” хэмээлээ.



Related news