“Эх орон-Их ялалт”, “Дайны баатрууд” ном уншигчдын хүртээл боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-06 16:21:06

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулан бүтээсэн “Эх орон-Их ялалт”, “Дайны баатрууд” номын нээлт боллоо.


Монгол, Оросын яруу найрагчдын шилдэг бүтээлийн түүвэр “Эх орон-Их ялалт” номыг М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн хүндэт профессор, ОХУ-ын боловсрол, шинжлэх ухааны элч Ц.Саранцацралын санаачилгаар “Бадрангуй урлаг” төрийн бус байгууллага, “Улаанбаатарын сонин”-ы редакцынхан бүтээжээ.


Ц.Саранцацрал ярихдаа, “Энэ номонд 61 яруу найрагчийн 70 орчим бүтээлийг сонгон оруулсан. Сонгосон бүтээлүүд нь хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, Монгол, Оросын яруу найрагчдаар хязгаарласангүй. Хуучин Зөвлөлтийн олон үндэстний утга зохиолын төлөөллийг багтаалаа. Зөвлөлтийн болон Оросын 29 найрагчийн 33 шүлэг, найраглалд эх орны дайны жилүүдэд бичсэн бүтээл бий. Монголын яруу найрагчдын бүтээлд эх орны дайны гал дүрэлзсэн тэр үед дайны гамшгийг сэрэмжлүүлж, дайчин баатруудыг магтан дуулсан үе үеийн 31 найрагчийн бүтээлийг сонгон орос хэл рүү орчуулсан 1960, 1980, 2000-аад онд хэвлэгдсэн бүтээлээс авсан бөгөөд ихэнх монгол шүлгийг зохиогчийн зөвшөөрөлтэй шинээр орчуулан орууллаа. Монголын нэрт яруу найрагч Д.Цоодолын “Нэр нь тодроогүй баатрууд”, Б.Лхагвасүрэнгийн “Эрчүүд эзгүй зун” шүлгийг Москвад амьдардаг Оросын яруу найрагч, орчуулагч Н.Звягинцев орчуулсан. Эх орны дайны тухай гэхээр олон хүний хувьд “Катюша”-гаас эхлээд эрэмгий цоглог ялалтын дуунууд санаанд буудаг. Тиймээс бидний орос хэлээр дуулж, сонсож байсан ялалтын олон дууг орчуулагч  Н.Пүрэвдагва монгол хэл рүү хөрвүүлсэн. Сая сая хүний амь насны үнэтэй ялалтын цаана юугаар ч сольшгүй үнэтэй эх орон байсан учраас бид номоо “Эх орон-Их ялалт” хэмээн нэрлэсэн” хэмээв.  


Харин ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков “Энэ ном манай хоёр орны ард түмний түүхэн ой санамж, сэтгэл зүрхний нэгдмэл байдлыг гэрчлэх бодит баримт юм. Зөвлөлт болон Монголын ард түмний мөрөөдөл, тэмүүлэл адил байсныг, мөн өнөөгийн монголчууд болон оросуудын зүрх сэтгэлд өнгөрсөн түүхийн түгшүүрт боловч агуу хувь заяаг тодорхойлсон үйл явдлууд хэрхэн гүнзгий өрнөснийг яруу найргийн хэлээр илэрхийлсэн” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.


Тэгвэл энэхүү яруу найргийн түүвэртэй хамт нээлтээ хийсэн “Дайны баатрууд” номыг Монгол дахь “Оросын эх орон нэгтнүүд” байгууллагаас эрхлэн гаргажээ. Номын баярын үеэр Монголын зэвсэгт хүчний генерал, офицерууд болон  уран бүтээлчдэд “Агуу эх орны дайны ялалт-80 жил” хүндэтгэлийн медаль гардууллаа. 






Related news