Францын хөгжлийн агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрыг нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-06 16:53:45

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын ШУА-иас зохион байгуулж буй “Элчин сайдын индэр” хүндэтгэлийн лекцийн ээлжит зочноор Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Коринн Пэреира Да Силваг урин оролцууллаа.


ШУА-иас Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайд, дипломат төлөөлөгчдийн газруудтай хамтран шинжлэх ухаан, технологи, инновацын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тус хүндэтгэлийн лекцийг эхлүүлжээ. Энэ удаагийн зочин Элчин сайд Коринн Пэреира Да Силва “Франц, Монгол хоёр улсын хоорондын харилцааны нэгэн жаран” илтгэл тавьсан юм.  


ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, "Монгол, Франц улс шинжлэх ухаан, боловсролын салбарт олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлагатай. Тухайлбал, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн Францын эрдэм шинжилгээний холбогдох байгууллагатай 1994 оноос хамтарсан төсөл, хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлж байна. Монгол орны газар хөдлөлтийн аюулын үнэлгээ, идэвхтэй хагарлын судалгааг нийслэл, орон нутгуудад давтамжтай хийж, Монгол орны геодинамикийг судалсан. ШУА-ийн Археологийн хүрээлэнд төвлөрөн Монгол-Францын археологичид Монгол орны баруун, төвийн бүсэд “Эгийн гол”, “Нүүдэлчдийн эзэнт гүрэн” эрдэм шинжилгээний төслийг хамтран хэрэгжүүлж, эртний чулуун зэвсгийн үе, Хүннүгийн түүхийн судалгааг баяжуулсан чухал нээлтүүд хийсэн” гэв.


Монгол, Франц улс 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, соёл, шинжлэх ухаан, боловсрол, эдийн засаг, батлан хамгаалах, байгаль хамгааллын салбарт амжилттай хамтран ажиллаж байна. Хамгийн сүүлийн жишээ нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Орона майнинг”  компанитай байгуулсан ураны төсөл бөгөөд хоёр улс цаашид тогтвортой хөгжлийг сайжруулах чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа юм. 


Элчин сайд, хатагтай Коринн Пэреира Да Силва хэлэхдээ, "Хоёр улсын одоогийн хамтын ажиллагаанд тогтвортой хөгжилд чиглэсэн олон төсөл хөтөлбөр бий. Гэхдээ үүнийг цаашид гол жанжин шугамаа болгох шаардлагатай. Учир нь тогтвортой хөгжилд хөдөө аж ахуй, байгаль орчин, эрчим хүч, хот төлөвлөлт зэрэг олон салбарын хөгжил хамаатай. Гол нь төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд түшиц болох байгууллага хэрэгтэй. Манай улсад “АФД” хэмээх хөгжлийн агентлаг бий. Энэ нь иргэдийн амьжиргааг дээшлүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, байгаль орчныг хамгаалах төслийг санхүүжүүлдэг. Түүхт ойн хүрээнд энэ агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрыг нээхээр төлөвлөж байна. Ингэснээр тогтвортой хөгжлийн төлөөх төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт татах боломжтой болохоос гадна геологи, газрын зураг зүй, хөрс, усны судалгааны эрдэмтэн судлаачид хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх давуу талтай" хэмээв.


Манай улс өнгөрсөн оны байдлаар НҮБ-ын гишүүн 193 оронтой дипломат харилцаа тогтоосон. Одоогоор Улаанбаатар хотод гадаадын 26 орны ЭСЯ, орон нутагт хоёр Консулын газар үйл ажиллагаагаа явуулдаг аж. 






 

Related news