Нүүхэд тохиромжтой модон өлгий ашигладаг байжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-13 14:17:21

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол түмэн нялх хүүхдээ өлгийдөхдөө эрт үеэс манцуй буюу модон өлгий ашиглаж байжээ.


Нүүдэлчдийн ахуй, соёлтой салшгүй холбоотой, үе дамжуулан хэрэглэдэг, байгальд ээлтэй модон өлгий нь нялхсыг эрүүл, чийрэг бойжуулахаас гадна тэмээ, моринд ачаалан нүүхэд тохиромжтой байж. Өлгийдүүлсэн хүүхэд цочиж сэрвэлзэхгүй, нуруу тэгшхэн байж, тухтай бүүвэйлэгддэг. Нуман хэлбэртэй орой хэсэг толгойг нь хамгаалдаг бол гивлүүр мэт унжлага нарнаас халхална. Өлгий нь шээс урсгах ховилтой бол зарим нутагт үүний оронд үнс дэвсдэг байжээ. Өлгийн даавуун доор нь адууны дэл, сүүл, бярууны хөөврийг сэмлэж тавина. Учир нь хялгас, хөөвөрт ус тогтохгүй шууд доош нэвтрэх тул хүүхдийн арьсыг нь улайлгадаггүй онцлогтой аж.


Ахуй амьдрал, цаг агаартаа тохируулан модон өлгийг хонины нэхий, эсгий, сур, харгана, мод, бургас, даавуу гэхчлэн өөрсдийн амьдралын онцлогт тохирсон материалаар хийдэг бөгөөд дүүжин, хавсан, нуман, үхэг, адран, бургасан гэж янз бүрээр нэрлэдэг байв. Модон араамыг бат бөх, уян хатан болгохын тулд зөөлөн харгана, нарийн сураар зангидан бөхөлж, хамгаалах хөвч татаж хийнэ. Өлгийдсөн хүүхдийн гарыг гаргах үед хөвчнөөс зуурч өндийх бүрд сарвуу нь хөгждөг байна. Хүүхэд төрөх бүрд хөвчийг нүхэлж шагай уядаг тул тухайн айл хэдэн хүүхэдтэйг мэдэх боломжтой. Уясан шагайгаа авчихсан хоосон нүх байвал төд дэх хүүхэд нь эндэж гэж ойлгогддог байна. Харин өлгийг хэрэглэхгүй үед хоосон орхихгүй. Дотор нь бат бөхийн бэлгэдэл болгож бүс эсвэл будаа, баривч, шагай хийдэг аж.


Баруун монголд модон өлгий хийж өгсөн хүний гарыг хурдан цагаан хургатай хониор цайлгадаг уламжлалтай байв. Дархад, цаатан иргэд модон өлгийг одоо ч урцнаасаа зүүж хэрэглэдэг байна. 

Related news