Волейболын эмэгтэйчүүдийн шигшээ баг “Үндэстнүүдийн цом”-ын тэмцээнд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-29 09:10:25

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Волейболын эмэгтэйчүүдийн “Үндэстнүүдийн цом”-ын тэмцээн Вьетнамын Ханой хотод зургаадугаар сарын 7-нд эхэлнэ.


Долоо хоног үргэлжлэх тус тэмцээнд 11 орны баг оролцохын нэг нь Монгол Улсын шигшээ юм. Тодруулбал, Вьетнам, Монгол, Казахстан, Филиппин, Австрали, Энэтхэг, Иран, Индонез, Тайвань, Хонконг, Шинэ Зеландын баг хоёр хэсэгт хуваагдан өрслөдөх юм. 


Монголын волейболын холбооноос өргөтгөсөн бүрэлдэхүүнийг 33 тамирчинтай зарлаж, албан ёсны бэлтгэлээ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-нд эхлүүлсэн байдаг. Тэгвэл Ханойг зорих 14 тамирчныг 18 хоногийн өмнө эцэслэн зарлаж, сэргэлтийн бэлтгэлд гараад байна. Багийн бүрэлдэхүүнд ахлагчаар П.Энххүслэнг сонгосноос гадна Г.Энхнаран, Б.Нинжболор, Г.Хандсүрэн, Б.Амарбаясгалан, Н.Номин, Г.Энхзул, Г.Саруулгэрэл, Д.Анужин, Д.Намуун, О.Эрдэнэ-Энх, М.Санчирмаа, Э.Анударь, С.Нарангуа нар багтжээ. Монголын багийн дундаж нас 24 бол хамгийн залуу тоглогч нь “Улаанбаатар финикс”-ийн тамирчин Б.Амарбаясгалан аж. Түүний хувьд 19 настай. Тэгвэл дасгалжуулагчийн бүрэлдэхүүнд ахлахаар Б.Хэрлэн, туслахаар А.Мөнх-Эрдэнэ, Э.Энхтөгс, трэйнерээр М.Энхболд, статистикийн мэргэжилтнээр Д.Отгонхүү нарыг томилжээ.


Манай эмэгтэйчүүдийн шигшээ багийн хамгийн сүүлд өнгөрсөн Зүүн Азийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнд оролцож VII байр эзэлж байсан бол энэ удаа медаль хүртэх зорилготой байгаа аж. Манай баг тамирчид ирэх сарын 4-нд Вьетнамыг зорино.


Азийн волейболын холбооны эмэгтэйчүүдийн “Үндэстний цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн хэсгийн тоглолтын хуваарийг танилцуулъя.

Зургаадугаар сарын 7: Монгол-Филиппин /16:00 цагт/

Зургаадугаар сарын 8: Казахстан-Монгол /11:00 цагт/

Зургаадугаар сарын 9: Монгол-Шинэ Зеланд /21:00 цагт/

Зургаадугаар сарын 11: Индонез-Монгол /18:30 цагт/

Зургаадугаар сарын 12: Монгол-Иран /13:30 цагт/

Related news