Цайны замын дагуу хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГЦайны замын дагуу БНХАУ, ОХУ-ын иргэдээс гадна гуравдагч, дөрөвдөгч орны аялагчдад бүтээгдэхүүнээ санал болгож, борлуулахаас гадна хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлнэ хэмээн өнөөдөр Үндэсний музейд болсон “Цайны зам” эрдэм шинжилгээний анхдугаар хурлын үеэр онцлов.
1727 онд Хиагтын гэрээ байгуулж, 1728 оноос цай тээвэрлэж, 1928 онд Хятадын Засгийн газраас Монгол Улсад эдийн засгийн бүрэн хориг тавих хүртэл Цайны замаар тасралтгүй Ази Европыг холбосон худалдаа хийж байжээ.
Хуралд МУИС-ийн доктор, профессор О.Сүхбаатар “Цайны замын өртөө” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр, “Эртнээс хятадын цай өрнө дорнодод алдартай тансаг хэрэглээний нэг байсан. 1728 оноос Монгол нутгаар дамжсан Цайны замын аялал эрчимтэй хөгжсөн. Цайны зам бол Хөх мөрнөөс Бельги хүртэлх нийт 12500 км, дэд бүтэц байгуулах хамгийн тохиромжтой, ашигтай, бэрхшээлгүй, аюулгүй зам байсан. Үүний 1100 км нь Монголоор дайрч өнгөрдөг. Хятадаас цайг намрын сүүл сард ачаад Монголоор дамжуулахад өвөл таардаг учир цай гэмтдэггүй байсан. Цайны замын дагуу Ази Европыг холбосон цахилгаан холбооны шугам Монголоор дайрч тавигдсан. Сүүлд нь тэрэг, машин явах анхны дэд бүтэц энэ замыг даган бий болсон” гэв.
Хятад, Оросын эрдэмтэн судлаачид энэхүү цайны замын талаар гүнзгий судалсан байдаг бол Монгол Улсад 2010 оноос хойш эхлэн судалж байна. Манай улс хоёр орны туршлагаас судалж, 3 улсын хэмжээнд хэрэгжиж байгаа эдийн засгийн үзэл баримтлалын хувьд судалгааны ажлыг эрчимтэй хийх ёстой” гэдгийг МУИС-ийн ШУС-ийн Ази судлалын тэнхимийн дэд профессор, доктор Ш.Эгшиг хэллээ.
Энэ үеэр судлаач Ш.Эгшиг, С.Сүхбаатар, Д.Гэрэлтөв, Ё.Бадрал нарын хамтран бүтээсэн “Цайн зам” номын нээлт болсон юм.
Тус эрдэм шинжилгээний хурлыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Цайны соёл” нийгэмлэг, “Монголиан корпорейт трэйвэл” ХХК зэрэг байгууллага хамтран зохион байгуулав.
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал