Эртний майячуудын хотын үлдэгдэл Гватемалаас олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2025-05-30 11:15:12

ГВАТЕМАЛ, 2025 оны тавдугаар сарын 30 /AFP/. Эртний Майя соёл иргэншилд хамаарах 2 800 гаруй жилийн өмнөх хот суурингийн үлдэгдлийг археологичид Гватемалын хойд нутгаас илрүүлсэн тухай тус улсын Соёлын яам мэдээлжээ. 


МЭӨ 800-500 оны үед хамаарах уг олдвор нь 16 хавтгай дөрвөлжин километр талбайг эзэлж байгаа ажээ. Энэ газраас цац суваргууд, одон орны ажиглалтын газар, хөшөө дурсгалууд олдсон байна. Хотыг “Лос-Абуэлос” хэмээн нэрлэсэн нь амьтныг хүнчлэн дүрсэлсэн хоёр ширхэг баримал олдсонтой холбоотой ажээ.


“МЭӨ 500-300 онд хамаарах эдгээр баримал нь өвөг дээдсээ тахин шүтэх эртний зан үйлтэй холбоотой байж магадгүй бөгөөд энэ нь тэдгээрийн соёл, бэлгэдлийн ач холбогдлыг тодотгож байна" гэж Соёлын яам мэдэгдсэн байна. 


Уг хотоос гадна 33 метр өндөр, сонгодог үеэс өмнөх үеийн фреск зургаар чимэглэсэн пирамид бүхий Петнал гэгдэх нэгэн газар олджээ. Түүнчлэн  ус дамжуулах зориулалттай өвөрмөц суваг бүхий Камбраяль нэртэй өөр нэгэн газар олдсон байна. 


Эдгээр гурван газар нь өнөөг хүртэл мэдэгдээгүй байсан хотын гурвалжинг үүсгэж байгаа бөгөөд үүнийг нээсэн нь Петений ёслол хүндэтгэлийн болон нийгэм-улс төрийн тогтолцооны талаарх өнөөгийн ойлголтыг дахин эргэцүүлэхэд хүргэж байна гэж Соёлын яам дүгнэжээ. 

Related news