"Барселона" баг төрөлх цэнгэлдэхдээ эргэн ирнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-06-26 10:29:35

МАДРИД, 2025 оны зургаадугаар сарын 26 /ТАСС/. Испанийн хөл бөмбөгийн “Барселона” баг ирэх наймдугаар сарын 10-ны өдөр бүрэн шинэчлэгдсэн төрөлх “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэндээ эргэн ирэх гэж байна.  


Энэ үеэр тус клуб "Трофей Жоана Гампера" гэдэг нэртэй шинэ улирлын өмнөх тэмцээний тоглолтоо хийнэ.


“Ийнхүү эргэн ирж буй нь тус багийн хувьд, хөгжөөн дэмжигчдийн хувьд түүхэн цаг мөч юм. Хоёр жил гаруйн турш үргэлжилсэн их засварын дараа, Олимпын цэнгэлдэх хүрээлэнд түр хугацаагаар шилжин тоглосны дараа “Барселона” баг өөрийн домог болсон сүмдээ эргэн ирснээр хөл бөмбөгийн их хөөр баяр, догдлолыг дахин мэдрэх болно” гэж тус клубээс гаргасан мэдэгдэлд дурджээ.


Гэхдээ дээрх тоглолт их засвар бүрэн дуусаагүй үед болох бөгөөд цэнгэлдэхийн гурав дахь давхрыг барих, дээврийг тогтоох, доторх өрөөнүүдийн ба ойр орчмын талбайг тохижуулах  ажлуудыг гүйцээн хийх ажээ.


“Барселона” баг 2022 оноос хойш өөрийн талбайд хийх тоглолтуудыг Олимпын цэнгэлдэх хүрээлэнд явуулж байгаа юм. “Камп Ноу”-д их засвар хийж, бүрэн шинэчилснээр 106 мянган үзэгчийн багтаамжтай болох бөгөөд үүнд 1,5 тэрбум евро зарцуулжээ. Уг цэнгэлдэхийг өнгөрсөн оны намар нээхээр төлөвлөсөн боловч нээлт хойшлогдсон байна. Ла Лигийн шинэ улирал эхлэнгүүт барсачууд дараалсан гурван тоглолтыг бусад багийн талбайд хийх бөгөөд үүний дараа өөрийн талбайд хийх тоглолтуудыг нь 50-60 мянган хөгжөөн дэмжигч үзэх боломжтой.  


"Камп Ноу" цэнгэлдэх хүрээлэн 1957 онд нээгдсэн бөгөөд энд 1989 ба 1999 оны Аваргуудын лигийн финалын тоглолтууд болж байжээ.


"Барселона" баг 2024/25 оны улиралд Испанийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Испанийн цом, Супер цомын эзэн болсон юм.    


Related news