Даншиг наадмын үеэр 120 гаруй цамчин цам харайв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-06-28 16:03:54

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам Хүй долоон худагт үргэлжилж байна.


Энэ үеэр 120 гаруй цамчин дотоод сэтгэлийн амар амгалан, бясалгалыг илэрхийлэн, бүжин наадав. Цам нь хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй бэлгэдлийг уран яруу хөдөлгөөнөөр үзүүлдэг онцлогтой. Бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог юм. Хүрээ цамын ёслолыг Гандантэгчэнлин хийдийн эрдэмт хуврагууд 1999 оноос уламжлал дэг ёсны дагуу сэргээсэн аж. Түүнээс хойш өдгөөг хүртэл жил бүр дэглэсээр иржээ. Цамын үеэр Очирваань бурхан, уран хошин, инээдмийн дүр бүхий цагаан өвгөн, мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох Хангарьд, Гахай, Нохой, Хөх өвгөн зэрэг дүрд хувирч, үзүүлбэрээ үзүүлдэг. 


Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” нь монголын шашин, соёлын зан үйл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой.











Related news