Баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар аадар бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-09 14:48:00

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Он гарсаар ой, хээрийн түймрийн гэмт хэргийн шинжтэй 71, зөрчлийн шинжтэй 5 гомдол мэдээлэл бүртгэгджээ.  


Үүнээс 12 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, 5 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж, 4 гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа З.Хүрэлбагана мэдээлэв. Тэрбээр эдгээр 4 гомдол, мэдээлэл нь эзэнгүй буюу цаг агаарын хуурайшилт ихтэй газар аянга бууж гал гарсан болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоомон. Нийт бүртгэгдсэн ой, хээрийн гал түймрийн 70 орчим хувийг ил задгай гал, асгасан үнс, нурам, тамхи, чүдэнз, автомашин техник хэрэгслийн яндан зэрэг хүний буруутай үйл ажиллагаанаас үүссэн хэмээв.

 

ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг ярихдаа,  “Баяр, наадмын амралтын өдрүүдээр буюу маргааш баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Мөн ихэнх нутгаар дулаан байх тул наршилт, гэнэтийн аадар бороо орох үзэгдлүүд тохионо. Тиймээс иргэдийг тухай бүрт цаг агаарын мэдээ, мэдээллийг хүлээн авахыг зөвлөж байна” гэв.

 

Он гарсаар 170 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэнээс 25 хувийг хиймэл дагуул буюу түймрийн дулааны цэг илрүүлэх сайтаар, 6 орчим хувийг нисдэг тэргээр тандан илрүүлж, шуурхай арга хэмжээг авч ажиллаж байна. 


 

Related news