ЗАВХАН: Гол, усны ойролцоо амарч зугаалах үедээ согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны долоодугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Аялал,
зугаалгын энэ өдрүүдэд голын усанд осолдох иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа тул
иргэн бүр хариуцлагатай байж, аюулгүй байдлаа хангахыг мэргэжлийн байгууллагаас
анхааруулж байна.
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Улаагчийн хар нуурын усанд эндэж, амиа алдсан харамсалтай тохиолдол гарсан. Ер нь усны осол хоромхон зуурын хариуцлагагүй үйлдлээс үүддэг учраас алхам тутамдаа анхаарал болгоомжтой баймаар байна. Аялал амралтын эдгээр өдрүүдэд гол, усны ойролцоо амарч, зугаалах үедээ согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүй тоглуулахгүй байх. Сэлж чаддаг гэж бардалгүй, аюулгүй байдлаа сайтар хангах хэрэгтэй. Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах, түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх нь чухал. Мөн зориулалтын бус хийлдэг гудас, завьтай голд орохгүй байхыг сануулж байна.
Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд Онцгой байдлын газрын алба хаагчид завьт, явган, морьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байна. Аялагч, амрагчдад зориулсан зөвлөмж, мэдээллийг өгч байна. Иргэдэд гол, усны ойролцоо амарч, зугаалахдаа хориглосон тэмдэглэгээ бүхий газарт бууж, суурьшихгүй, усанд орохгүй байхыг сануулж, анхааруулж байна.
Өнөөдөр нутгийн төв, өмнөд хэсэг болон Хангайн уулсаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Үер усны аюулаас сэрэмжтэй байх. Хөдөө орон нутаг руу баталгаат зам гүүрээр зорчих, бороо орж байгаа үед нөөлөг салхинаас болгоомжлохыг зөвлөж байна. Нөөлөг салхи нь борооны бөөн үүл, аадар хур тунадас, аянга цахилгаан ажиглагдах үед гэнэт богино хугацаагаар салхины хүч эрс ширүүсэх үзэгдлийг хэлдэг.
Нөөлөг салхитай үед салхины чиглэл тогтворгүй, хурд жигд бус буюу 18-25 м/с түүнээс их байж болдог. Тиймээс бороо орж байгаа үед сонор сэрэмжтэй байх нь өөрийн болоод бусдын амь, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаална гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.