Францын цэргүүд Сенегалаас бүрэн гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-07-18 11:30:29

ДАКАР, 2025 оны долоодугаар сарын 18 /DW/. Франц улс сүүлчийн хоёр цэргийн байгууламжийг Сенегалын эрх баригчдад буцаан өгснөөр тус улсад 1960 оноос хойш үргэлжилсэн цэргийн байнгын оролцоогоо албан ёсоор дуусгажээ.


Сенегалаас Францын сүүлчийн 350 цэргийг гаргах ёслолын ажиллагаа нийслэл Дакар хотод пүрэв гарагт болсон байна. Ийнхүү Франц улс Баруун болон Төв Африк дахь хуучин колони улсуудаасаа цэргээ татах ажиллагаагаа үргэлжлүүлэв. Францын эрх баригчид 2022 оноос тус бүс нутгаас цэргээ үе шаттайгаар татаж эхэлсэн байна. 


Энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр Францын цэргүүдийг Кот-д’Ивуар улсаас татсан бөгөөд үүнээс өмнө нэгдүгээр сарын сүүлчээр Чад улсаас бүрэн гарсан байна. Сүүлийн жилүүдэд Мали, Буркина-Фасо, Нигер улсуудад төрийн эргэлт гарсны дараа Францтай харилцаа эрс муудсан бөгөөд эдгээр улсын шинэ эрх баригчид Франц улстай цэргийн хамтын ажиллагаагаа тасалжээ.


Төв Африкт Францын цэргүүд одоо Габон дахь ганцхан баазад үлдсэн бөгөөд тус баазыг Габоны зэвсэгт хүчинтэй хамтран ашиглаж байгаа ажээ. Францын цэргүүд мөн Жибутид үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.

Related news