Европын Холбоо ОХУ-ын эсрэг 18 дахь багц хориг арга хэмжээг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-07-18 16:40:05

БРЮССЕЛЬ, 2025 оны долоодугаар сарын 18 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын төлөөлөгчид ОХУ-ын эсрэг авах 18 дахь багц хориг арга хэмжээг баталсан тухай ЕХ-ны гадаад харилцаа, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кая Каллас өнөөдөр мэдэгджээ. 


“Бид байр сууриндаа тууштай зогсоно. Европын Холбоо өнөөдрийг хүртэлх Оросын эсрэг хамгийн хатуу багц хориг арга хэмжээг дөнгөж сая баталлаа. Бид Кремлийн цэргийн төсвийг цаашид улам хязгаарлаж, “сүүдрийн флот”-ын 105 хөлөг онгоцыг хоригт хамруулж, мөн Оросын банкуудын санхүүжилтийг хязгаарлаж байна” гэж тэрбээр “Х” нийгмийн сүлжээнд бичсэн байна. 


Шинэ багц арга хэмжээний зорилго нь Оросын газрын тосыг гуравдагч орнуудад экспортлох замаар олж буй орлогыг улам хязгаарлах, тус улсын санхүүгийн салбарт цохилт явдал юм. Үүнээс гадна, “Умардын урсгал” хий дамжуулах хоолойн үйл ажиллагааг сэргээх, мөн “Умардын урсгал-2” хоолойг ашиглах боломжийг бүрмөсөн хаахаар төлөвлөжээ. 


Зургаадугаар сард болсон ЕХ-ны гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын дараа шинэ багц хоригийг тохиролцох ёстой байсан боловч Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо хориг тавина гэж сүрдүүлсэн нь уг үйл явцад саад учруулсан байна. Словакийн талд буулт хийснээр зөвшилцөлд хүрчээ. Тодруулбал, шинэ багц хориг болон Оросоос хий импортлохыг бүрэн хориглох төлөвлөгөө хэрэгжсэний дараа эдийн засаг, санхүүгийн ноцтой хохирол амсахгүй байх баталгааг Словак улсад өгсөн байна. Хийн хоригийг батлахад багц хоригоос ялгаатай нь бүх гишүүний зөвшөөрөл шаардагдахгүй тул Р.Фицо уг төлөвлөгөөнд хориг тавьж чадахгүй юм. 


ОХУ-д тавих 18 дахь багц хоригийн хүрээнд газрын тосны үнийн дээд хязгаарыг нэг баррель тутамд 45 ам.доллар болгон бууруулах, “Умардын урсгал”-ын дэд бүтцийг ашиглахыг хориглох, ОХУ-ын 22 банкийг SWIFT системээс хасах, экспортын хязгаарлалтыг 2.5 тэрбум еврогоор өргөжүүлэх, Оросын газрын тосонд суурилсан газрын тосны бүтээгдэхүүнийг импортлохыг бүрмөсөн хориглох, ОХУ-тай холбоотой хөлөг онгоцуудад хориг тавих зэрэг арга хэмжээнүүдийг Европын Комиссоос санал болгосон байна. 

 

Шинэ багц хориг арга хэмжээг ЕХ-ны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар батлах ёстой. Үүний дараа ЕХ-ны албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэн даруйд хэрэгжиж эхэлнэ.


Related news