Амур мужид осолдсон Ан-24 онгоцны бүх зорчигч амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА/БЛАГОВЕЩЕНСК, 2025 оны долоодугаар сарын 24 /TASS/. ОХУ-ын Амур мужид осолдсон “Ан-24” нисэх онгоц унах үедээ шатсан бөгөөд ослын газарт агаараас эрэн хайх ажиллагаа явуулах явцад амьд үлдсэн хүмүүс олдоогүй гэж бүс нутгийн Иргэний хамгаалалт, галын аюулгүй байдлын төвийн хэвлэлийн алба мэдээллээ.
“Тында хотын нисэх онгоцын буудлын захирлын мэдээлснээр, “Ан-24” онгоц газар унах үедээ шатсан бөгөөд “Ми-8” нисдэг тэргээр тойрон нисэх үед амьд үлдсэн хүн илрээгүй” гэж тус төвийн мэдээлэлд дурдсан байна.
Урьдчилсан мэдээллээр, онгоцонд байсан бүх хүн амиа алдсан гэж шуурхай албаныхан өмнө нь ТАСС агентлагт мэдээлжээ.
“Аврагчдыг тээсэн нисдэг тэрэг ослын газарт буух боломжгүй байна. Уг онгоц хүрэхэд хэцүү уулын энгэр газарт осолдсон” гэж эх сурвалж хэллээ. Түүнчлэн ослын газарт гал гарсан тухай мэдээлсэн байна.
Шуурхай албадаас мэдээлснээр, онгоцонд нийт 40 зорчигч (хоёр нь хүүхэд) болон багийн 6 гишүүн байсан байна. Харин Амур мужийн захирагч Василий Орлов ярихдаа, урьдчилсан мэдээллээр, осолдсон онгоцонд багийн зургаан гишүүнээс гадна 43 зорчигч, тэдний дунд 5 хүүхэд байсан гэжээ.