Тажикистаны махны хэрэглээний 99 хувийг "Мармари" үйлдвэр хангадаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
boloroo8136 @gmail.com
2025-07-25 12:16:25

Душанбе, 2025 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсын хийж буй төрийн айлчлалын хүрээнд  Монголын хүнс, хөдөө аж ахуй, банк санхүү, уул уурхай, барилга, мэдээллийн технологи зэрэг салбарын 50 гаруй бизнес эрхлэгч тус улсын ундаа, ус, наран цэцэг, тахианы мах боловсруулах "Мармари", "Сиёма" зэрэг үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.


Мармари үйлдвэр нь тэжээлийн үйлдвэр, мах, махан болон тосон бүтээгдэхүүний иж бүрэн кластер бий болгосон орчин үеийн тоног төхөөрөмж бүхий байгууламж ажээ.


2021-2025 онд Тажикистан Улсын үйлдвэрлэлийн салбар 20-23.4 хувийн өсөлттэй байна. Үүнд "Мармари” үйлдвэр тэргүүлэх жишээ болж байгаа юм. “Мармари” компани (LLC Marmari) нь Тажикистаны хэмжээнд мах болон махан бүтээгдэхүүний иж бүрэн үйлдвэрлэлийн цогцолбор бөгөөд 2021 онд байгуулагдсан улсдаа тэргүүлэх чиглэлийн үйлдвэр юм.


Тус үйлдвэр тэжээлийн үйлдвэр, мах, махан болон тосон бүтээгдэхүүний иж бүрэн кластер бий болгосон орчин үеийн тоног төхөөрөмж бүхий байгууламжтай, Мал аж ахуй, Мах боловсруулах цех, Шувууны аж ахуй, Ургамлын тосны үйлдвэр гэсэн дөрвөн үндсэн хэсэгтэй.

Тусүйлвэр Тажикистаны махны хэрэглээний 99.9  хувийг бүрэн хангадаг. 16 га талбайд жилд 5 сая өндөг боловсруулж, өдөртөө 3000-10,000 ширхэг тахианы мах бэлтгэх хүчин чадал бүхий үйлдвэрийн байртай багаад 800 га хөдөө аж ахуйн талбайд тэжээл тариалдаг байна. 


Тажикистаны ус, ундааны салбарт шинэ төрх бий болгосон "Сиёма" үйлдвэр 2019 онд албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд хувийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан “Avesto Group”-ийн охин компани юм.


Сиёма уулсаас цэвэрлэсэн мөсний усыг дэвшилтэт технологиор савлах, дотоод зах зээлд нийлүүлэх, томоохон экспортын төслүүдийг эхлүүлэх чиглэлээр амжилттай ажиллаж буй Тажикистаны ус ундааны үйлдвэрлэлийн тэргүүлэгч бизнесийн нэг юм. Жилд 33 сая литр ундаа, ундны болон газтай усыг үйлдвэрлэдэг байна.


Сав, баглаа боодлын плёнк, лааз зэрэгтээ бүс нутгийн хамтын ажиллагааг ашигладаг нь өртөг бууруулах, логистикийн эрсдэл хуваах алхам болдог байна. Тус үйлдвэр дотоодын шингэн бүтээгдэхүүний зах зээлийг хангаад зогсохгүй, импорт орлуулах чадвартай урт хугацааны стратегитэй үйлдвэр юм. Мөн Хятад, Катар, ОХУ, Казахстан, Узбекистан зэрэг улсууд руу бүтээгдэхүүнээ экспортолдог аж.






Related news