Орос-Монголын парламентын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг чухалчлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-07-29 12:27:40

ЖЕНЕВ, 2025 оны долоодугаар сарын 29 /TASS/. Парламентын гишүүд хууль тогтоох туршлага солилцохын тулд ОХУ-ын Холбооны Зөвлөл болон Монгол Улсын Их Хурал хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх хэрэгтэй гэж Холбооны Зөвлөлийн дарга  Валентина Матвиенко Монгол Улсын УИХ-ын дарга Дашзэгвийн Амарбаясгалантай Женевт уулзах үеэрээ мэдэгдлээ.


В.Матвиенко, Д.Амарбаясгалан нар Парламентын дарга нарын 6-р бага хурал эхлэхийн өмнө уулзсан тухай ОХУ-ын Холбооны Зөвлөлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. 


В.Матвиенко хэлэхдээ "ОХУ-ын Холбооны Хурал болон Монгол Улсын Их Хурал хоорондын хамтын ажиллагааны комисс, мөн хоёр улсын найрамдлын бүлгүүд ойрын хоёр жилийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, уялдаа холбоотой ажиллах нь зүйтэй" гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, энэ нь  парламентын төлөөлөгчдийг харилцан айлчлуулах зэргээр хууль тогтоох туршлагаа харилцан солилцох боломжийг судлахад хэрэгтэй.


Мөн В.Матвиенко хэлэхдээ ОХУ-ын Холбооны Хурал болон Монгол Улсын Их Хурал хоорондын хамтын ажиллагааны комиссын Оросын талын даргаар Холбооны Зөвлөлийн орлогч дарга Константин Косачев ажиллаж буйг дурдсан байна. Үүнээс гадна Холбооны Зөвлөлд Монгол Улсын Их Хуралтай хамтран ажиллах тусгай бүлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уг бүлгийг сенатч Ильяс Умаханов тэргүүлдэг гэжээ.


"Орос, Монголын хууль тогтоогчид Парламент хооронд болон Ази, Номхон далайн парламентын форум, Азийн парламентын ассамблей зэрэг олон улсын тавцанд үр дүнтэй хамтран ажиллаж байна. Бид ШХАБ болон ЕАЭБ-ын хүрээнд Монгол Улстай илүү нягт хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Монгол Улсыг бүс нутгийн эдгээр томоохон байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах нь ихээхэн ач холбогдолтой" гэж В.Матвиенко дурдлаа. Тэрбээр мөн хоёр улсын залуу парламентчдын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь ирээдүйтэй, үр дүнтэй чиглэл хэмээн онцолсон байна.




Related news