Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-07-30 14:30:05

НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 30 /Xinhua/. Олон улсын валютын сан /ОУВС/ дэлхийн эдийн засгийн энэ оны өсөлтийн төсөөллийг 3 хувьд хүргэсэн талаар мягмар гарагт танилцуулсан Дэлхийн эдийн засгийн төлөв-ийн шинэ тайланд бичжээ. Энэ нь дөрөвдүгээр сарын таамаглалаас 0.2 пунктээр илүү байна.


Ингэхдээ шинээр хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын эдийн засаг 2025 онд 4.1 хувиар өсөх төлөвтэй байгааг тайланд дурдсаныг дөрөвдүгээр сарын төсөөлөлтэй харьцуулахад 0.4 пунктээр өсжээ. Үүний зэрэгцээ, өндөр хөгжилтэй орнуудын өсөлтийн төсөөллийг өмнө нь 1.4 хувьтай байна хэмээн таамаглаж байсан бол 1.5 хувь болгон ахиулсан байна.


Тодруулбал, АНУ, Еврогийн бүс, Япон, Их Британи, Канад, Хятад, Энэтхэг, Бразил, Мексик, Саудын Араб, Нигерийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг өсгөжээ. Энэхүү өргөн хүрээг хамарсан өөрчлөлт нь АНУ бусад улс орнуудад ногдуулахаа дөрөвдүгээр сард зарласан татвар буурах төлөвтэй байгаа; мөн санхүүгийн нөхцөл байдал, тэр дундаа ам.долларын ханш суларсантай холбоотойгоор сайжирсан; мөн зарим томоохон улс орнуудын төсөв тэлсэн” зэрэгтэй холбоотой байна.


Гэхдээ эдийн засгийн бодлоготой холбоотой тодорхойгүй байдал энэ онд болон ирэх онд өндөр хэвээр байх төлөвтэй байгааг тайланд дурджээ. Иж бүрэн хэлэлцээрүүдийг байгуулахгүй бол өдгөө үргэлжилж буй худалдааны тодорхойгүй байдал нь хөрөнгө оруулалт, эдийн засгийн үйл ажиллагаанд улам бүр дарамт учруулж болзошгүй гэдгийг шинжээчид анхааруулсан байна. “Улс орнууд худалдааны тодорхой, ил тод тогтолцоог дэмжих замаар бодлогоос үүдэлтэй тодорхойгүй байдлыг бууруулах ёстой" гэж тайланд бичжээ.

Related news