Л.Зүчи: Амьтан тэжээснээрээ хүүхэд ууртай, сэтгэл хөдлөлийн хувьд сул дорой болохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136 @gmail.com
2025-08-08 09:52:49

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монголчуудын болон европчуудын амьтан тэжээх соёл эрс ялгаатай. Хоёул амьтанд хайртай боловч монголчууд гэртээ амьтан тэжээх нь ховор байлаа. Харин орчин цагт хүмүүст ганцаардах мэдрэмж, цагийг зугаатай өнгөрүүлэх, ямар нэгэн зүйлийг хайрлаж, асран хамгаалах хэрэгцээнээс үүдэлтэй амьтдыг гэр бүлийн гишүүн болгож, харж хандах нь нэмэгдэж байна. Энэ тухай "Залуу сэтгэл судлаачдын хөгжлийн үүр" НҮТББ-ын үүсгэн байгуулагч, сэтгэл судлаач Л.Зүчитэй ярилцлаа.


-Европ, Ази хүмүүс сэтгэхүйн хувьд ялгаатай. Гэрийн тэжээвэр амьтныг хүүхэдтэй хамт байлгах тал дээр монгол сэтгэхүй европчуудынхаас ямар онцлог ялгаатай вэ?

-Гэрийн тэжээвэр амьтныг гэр бүлийн гишүүн гэж үзэн, харж хандаж эхэлсэн нь XVIII-XIX зууны европын орнууд, тэдгээрийн соёлоос эхлэлтэй. Орчин цагт Европ болон Ази тивд амьтан тэжээх соёлын ялгаа арилсан болов уу. Намайг Тайваньд сурч байхад бидний “гудамжны” гэж нэрлэдэг амьтад дэлгүүр, сургууль, ресторанд чөлөөтэй орж гарч, унтаж амардаг байсан. Хүмүүс нь ч цааргалдаггүй. Харин монголчуудын хувьд гэртээ амьтан тэжээх соёл нь XX зууны сүүлч үеэс эхлэлтэй. Европынхны амьтан тэжээх соёлыг монголчуудынхтай харьцуулбал ялгаа нь шууд харагдана. Энэ нь нийгмийн болон түүхэн шалтгаантай. Бид мал маллаж амьдардаг учраас нохойгоор хашаа мануулах, ан ав хийх, мал маллах зэргээр гэрийнхээ гадаа тэжээдэг. Харин мууртай холбоотой мухар сүсгийн ойлголт их бий. Хар муур муу ёр дагуулдаг ч гэх яриа байдаг. Нохой, муурыг гэрт оруулах, тэжээх нь ховор үзэгдэл байсан. Энэ нь хүнд халдварлах ямар нэгэн өвчинтэй, бөөстэй зэрэг айдсаас үүдэлтэй байх. Түүнчлэн буддизмд амьтныг хүний доод төрөл буюу нүгэл үйлдвэл амьтан болж төрнө гэх итгэл үнэмшлээс ч үүсэлтэй байж болох юм.


-Нүүдэлчин монголчууд амьтанд их хайртай хэр нь гэртээ тэжээж байсан тохиолдол цөөн байдаг. Монгол ёс заншил монгол хүүхдийн амьтныг үзэх үзэлд нөлөөлдөг болов уу?

-Монгол ёс заншил, өв уламжлал нь хүүхдийн амьтанд хандах хандлагад хүчтэй нөлөөлнө. Нүүдэлчин амьдрал байгальд ойр боловч бид амьтныг амьд явах хэрэгсэл гэж үздэг. Энэ нь амьтныг ашиглах зорилгоор тэжээдэг байсантай холбоотой. Учир нь бид “таван хошуу малаас юуг нь ч хаядаггүй” гэдэг. Энэ нь таван хошуу малаа бүрэн ашигладаг гэсэн утгатай юм. Үүнээс гадна хүүхдийн харж өссөн томчуудын үйлдэл бас чухал. Амьтанд зэрлэг ханддаг найз нөхөд, ах эгч, гадны хүмүүсийг харж өсөх буюу чулуугаар шувуу алах, эзэнгүй муур, нохойг цохиж зодох, муурыг өндрөөс шидвэл дөрвөн хөлөөрөө буудаг гэх цуурхалд итгэн туршиж үзэх зэрэг зүй бус үйлдлийг харж том болох нь хүүхдэд муу нөлөөтэй. Мөн манай улсад гэрийн тэжээвэр амьтантай холбоотой худал ташаа ойлголт их бий. Гэрийн тэжээвэр амьтныг тууштай тэжээх, хариуцлагын асуудал сул санагддаг. Амьтан хөөрхөн харагдах үед өөрийн бодит нөхцөл байдлыг буруу үнэлэн, сэтгэл хөдлөлд автан шийдвэр гаргаснаараа тэжээж чадалгүй гаргаж хаях нь түгээмэл тохиолдож байна. Хүн хэрхэн зөв амьдрах, хэн нэгэнд хор хөнөөл учруулахгүй, байгаль орчиндоо ээлтэй байх ойлголтын суурийг амьтан тэжээснээрээ авах боломжтой.


-Гэрийн тэжээвэр амьтан болон хүүхэд хамтдаа өсөх нь ямар давуу талтай вэ?

-Хүүхэд, амьтан хамтдаа өсөж торних нь хоёуланд нь эерэг нөлөөтэй. Энэ нь судалгаагаар батлагдсаар байна. Жишээ нь, Герман, Шведэд хүүхдийг бага наснаас  эхлэн амьтантай хамт өсгөх нь “эмпати” буюу бусдын оронд өөрийгөө тавьж, мэдрэмжийг нь ойлгох чадварыг хөгжүүлдэг гэх судалгаа бий. Хүүхэд өглөө сэрээд амьтныхаа хоол, усыг бэлдэх, салхилуулах, анхан шатны хэрэгцээг хангах ажлыг хийснээр хүүхдийн хариуцлагын мэдрэмжийг нэмэгдүүлдэг. Зарим үед хүүхэд дээрх ажлыг хийгээгүйгээс болж алдаа гаргасан мэдрэмж төрснөөр илүү хариуцлагатай байх, өөрийгөө дайчлах чадварт суралцах, сэтгэл хөдлөлөө зохицуулах чавдартай болдог. Амьтан тэжээснээр хүүхэд зан үйлээ зохицуулан удирдаж, амьтнаа тайвшруулах, анхаарлаа өөр тийш нь шилжүүлэх, өөрийгөө илэрхийлэх чадварт суралцдаг. Гэрийн тэжээвэр амьтадтай хүүхэд байнгын аман хэлбэрээр буюу тухайн амьтан хүүхдийг бүрэн ойлгохгүй байгаа ч хүүхэд түүнийг үл харгалзан амьтантайгаа байнгын нээлттэй харилцаж байдаг. Энэ нь хүүхэд өөрийгөө нээлттэй илэрхийлэх, багаар ажиллах,  академик амжилтад нь эергээр нөлөөлөхүйц дасгал сургуулилт болж өгөх юм.


-Тэгвэл хүүхдийн тархины хөгжилд ямар нөлөөтэй юм бол?

- Хотын завгүй амьдрал үргэлжлэх тусам хүмүүст ганцаардах мэдрэмж, цагийг зугаатай өнгөрүүлэх, ямар нэгэн зүйлийг хайрлаж, асран хамгаалах хэрэгцээнээс үүдэлтэй амьтдыг гэр бүлийн гишүүн болгож, харж хандах нь нэмэгдэж байна. Хүн амьтан хоёрын хооронд харилцаа үүсэх үед окситоцин буюу аз жаргал, амар тайван байдлын даавар ихээр ялгардаг. Энэ үед хүний шийдвэр гаргах чадвар сайжирч, окситоцин нь стрессийн үеийн даавар болох кортизол, айдас түгшүүрийн үед ялгарах адреналин зэргийг дарангуйлж, буулгадаг. Гэртээ амьтан тэжээн, хамт тоглох нь хүүхдийн хувьд тархины амигдала буюу сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлэхэд оролцдог хэсэг, тархины гүйцэтгэх хэсгийн хөгжил ид явагдаж буй үед сөрөг даавруудын ялгарлыг бага байлгадаг. Түүнчлэн окситоцин, серотонин, допаминыг хэвийн хэмжээнд барьснаар тухайн хүүхдийн тархины хөгжил эрчимтэй явагдаж, тархи эрүүл байх нөхцөлийг бүрдүүлдэг. Кортизол, адреналин гэх даавар нь аутизм, дауны эмгэгтэй хүүхдэд сэтгэл зүйн хувьд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадварт нь сөргөөр нөлөөлдөг. Үүнийг нь гэрийн тэжээвэр амьтантай байснаараа бууруулах боломжтой гэсэн дүгнэлтэд судлаачид хүрсэн. Хүүхэд гэлтгүй ахмад настны судалгааны төвүүдэд амьтныг ашиглаж байгааг харж болно. Учир нь гэрийн тэжээвэр амьтад ахмад настай хүмүүсийн сэтгэл зүй, зүрх судас, тархины үйл ажиллагааг хэвийн байлгах, ганцаардал, сэтгэл гутралаас сэргийлдэг. Гэхдээ хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтны онцлогийг харгалзан үзэж, сонголтоо хийх хэрэгтэй. Гэрийн тэжээвэр амьтан нь ийм давуу талыг бий болгодог гээд заавал тэжээх ёстой гэсэн үг бас биш. Тухайн амьтны үзүүлж буй давуу талыг өөр ямар нэгэн аргаар бий болгох боломжтой.


-“Хүүхэдтэй боллоо. Одоо амьтнаа яах вэ?” гэж хүмүүс их асуудаг. Амьтантай цуг өсөхөд хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс бий юу?

-Мэдээж давуу талуудын хажуугаар сөрөг талтай. Амьтны ялгаруулж буй шүлс, үс зэргээс харшлах, хазуулах, маажуулах тохиолдол гардаг. Амьтан тэжээнэ гэдэг тухайн гэр бүлээс анхаарал халамж ихээр шаарддаг гэдгийг харгалзах хэрэгтэй. Харин хүүхдийн зан үйл, танин мэдэхүй, сэтгэл хөдлөлийн чадвар сул болох, удаашруулахад сөргөөр нөлөөлөхгүй.

Амьтан тэжээснээрээ хүүхэд ууртай, зэрлэг, сэтгэл хөдлөлийн хувьд сул дорой болдоггүй. Эсрэгээрээ эерэг нөлөө үзүүлнэ гэх баттай үр дүн бий.


Гэрийн тэжээвэр амьтан тэжээх нь хариуцлага ихтэйгээс гадна зан авир нь эзний хандлага болоод үүлдэр зэргээс хамаардаг гэдгийг “Азтай савар” ТББ-ын сайн дурын ажилтан Б.Тэмүүлэн хэлж байна.


 -Хүүхэдтэй хамт байлгаж болохгүй үүлдрийн нохой гэж байдаг болов уу. Ер нь гэрийн тэжээвэр амьтад бүгд өөр өөр зан чанартай юу?

-Гэрийн тэжээвэр амьтан ямар зан авиртай байх нь ихэвчлэн тухайн амьтнаа тэжээж буй байдал болон үүлдэр, удмаас хамаардаг. Амьтны зан ааш эзнээсээ хамгийн их шалтгаална. Цаашлаад үүлдэр бүр өөрийн гэсэн нийтлэг онцлогтой. Том биетэй, энерги ихтэй үүлдрийн нохойг хүүхэдтэй хамт тэжээх хэцүү байдаг. Жишээлбэл, “pit bull” үүлдрийн нохойг хүмүүс зодолддог гэдгээр нь сайн мэднэ. Гэхдээ хүүхэдтэй хамт тэжээдэг олон гэр бүл бий. Ямар зорилгоор нохдыг үржүүлсэн, эзэн нь хэрхэн ханддагаас шалгаалж амьтдын зан авир өөр өөр байна.


-Хүмүүс үүлдрийн амьтад тэжээхээс гадна эзэнгүй нохой муурыг үрчилдэг шүү дээ. Эзэнгүй нохой муурын зан чанар, үүлдрийнхээс ялгаатай байдаг уу?

нцгой ялгаа байхгүй. Үүлдэртэй, үүлдэргүй гээд бүгд л адилхан амьтад. Хүмүүс бид яаж харьцаж, тэжээхээс л шалтгаална. Гэхдээ үүлдэртэй амьтны удам угсаа, гадаад төрх, зан авир нь тодорхой байдаг бол үүлдэргүй амьтных тодорхой бус. Тэглээ гээд эзэнгүй нохой, муурын зан авир харгис хэрцгий гэсэн үг биш. Та эелдэг байхад тэд ч мөн адил эелдэг байна шүү дээ.


-Амьтан тэжээхэд төвөгшөөх үе гарч байсан уу. Хүмүүс зулзага байхад нь аваад том болохоор нь гаргаж хаях тохиолдол гардаг даа. Амьтан тэжээхээр төлөвлөж буй хүмүүст хандан юуг зөвлөх вэ?

-Бүх зүйл давуу болон сул салтай. Амьтан тэжээхэд шантрах, хэцүү байх үе зөндөө тохиолддог. Тэд хэзээ ч чихмэл бамбарууш шиг хөдөлгөөнгүй байхгүй гэдгийг ойлгох нь чухал юм. Нохой, муур хүний хэл мэдэхгүй тул та бүх зүйлийг нь зааж сургана. Бага насны хүүхэдтэй адилхан тул эзнээс маш их хариуцлага, анхаарал шаарддаг. Тийм болохоор амьтан тэжээхээсээ өмнө маш сайн бодож, сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргахгүй байх хэрэгтэй. 


Ярилцсан Т.Хулан

Related news