Дүүжин замын тээврийн үндсэн тулгуур багануудыг ирэх долоо хоногоос суурилуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. “Дүүжин замын тээвэр” төслийн шон суурийн ажил бүрэн дуусаж, метал хийцийн угсралтын ажлыг эхлүүлжээ.
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү төслийн барилгын ажлыг өнгөрсөн хавар эхлүүлсэн. Яармагаас Өнөр хороолол чиглэлийн эхний шугам нь 4.2 км урттай, 6.45-42 метр өндөр 19 ширхэг тулгуур баганатай байхаар төлөвлөснөөс одоогоор шон суурийн ажил бүрэн дуусаж, метал хийцийн угсралтын ажлыг эхлүүлээд буй юм.
Франц Улсаас нийлүүлж буй нийт 150 чингэлэг
тоног төхөөрөмжөөс 113 нь Т1-Т19 дугаартай тулгуур баганууд болон хоёр буудлын
тоног төхөөрөмжийг агуулсан эхний ээлжийн 67 чингэлэг ачааг төслийн талбайд
буулгасан. "Пома" группийн төслийн талбайн инженер Жоан
Антониноор ахлуулсан угсралтын баг тулгуур баганын метал эд ангиудыг холбож гүйцэтгэсэн бөгөөд үндсэн тулгуур баганыг суурилуулах ажил ирэх долоо
хоногоос эхэлнэ.
Харин төслийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Үндэсний соёл амралтын хүрээлэн чиглэлийн хоёрдугаар шугамыг 2.7 км урттай,
гурван зогсоолтой байхаар төлөвлөсөн. Уг төсөл хэрэгжсэнээр нийтийн тээврийн
хүртээмж болон авто замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдэх
тооцоолол гарсан. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах, хүн амын нягтаршилтай
бүсүүдийг холбох, жуулчдын сонирхлыг татахуйц орчныг бүрдүүлэх зэрэг олон талын
үр өгөөжийг бий болгох юм.
Энэхүү төслийг Монгол Улсын
Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын хооронд
байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж байна. Нийтийн тээврийн
салбарт олон улсын жишигт нийцсэн, байгальд хоргүй, шинэлэг шийдлийг
нутагшуулахад чиглэж буй тус төслийн бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөгөөний
дагуу гүйцэтгэж байгаа аж.