Хаягдал ус дахин боловсруулснаар жилд гүний 18 сая метр.куб усыг хэмнэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-08-19 14:07:14

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Нийслэлийн ус хангамжийг нэмэх хөтөлбөрийн хүрээнд Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, Хаягдал ус дахин боловсруулах, Усны салбарын тогтвортой байдлыг хангах гэсэн гурван төслийг хэрэгжүүлж байна.


Тухайлбал, Хаягдал ус дахин боловсруулах төсөл 86.5 хувьтай хэрэгжиж байгаа бөгөөд үр дүнд нь шинэ төв цэвэрлэх байгууламж, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр, ДЦС барьж, жилд ДЦС 3, 4-т ашиглаж буй гүний 18 сая метр.куб усыг хэмнэх боломж бүрдэх юм.


Төслүүдийг 2026 оны эхээр улсын комисст хүлээлгэн өгөх, барилга угсралтууд бэлэн болсны дараа аж ахуйн нэгжүүд хэрхэн уялдаатай ажиллах талаар “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал, шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт” уулзалт хэлэлцүүлгийн үеэр хэлэлцэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар бохирдол үүсгэж буй аж ахуйн нэгжүүд, ялангуяа мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, хаягдал усыг цэвэрлэх байгууламжгүй эмнэлэг, машин угаалгын газруудад үйл ажиллагаагаа сайжруулах, хаягдал усыг дахин боловсруулах үүрэг даалгавар өглөө. 



Улаанбаатар хотын бохир усны шугам сүлжээнд одоогоор нийлүүлж буй бохир усны бохирдлын агууламж PH усны орчинд 2 дахин их, усанд уусдаггүй, тунадаг хатуу бодис буюу умбуур бодис 4-264 дахин, органик, химийн бохирдол 9-98 дахин их байна. Иймд төслүүдийн дүнд хотын нийт ус хангамжийг газрын доорх нөөцөөс урт хугацаанд, тогтвортой нэмж, ДЦС-уудад хаягдал ус үйлдвэрлэлийн зориулалтаар дахин ашиглах дэд бүтэц бий болгож, ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний чадавхыг бэхжүүлэхэд чухал холбогдолтойг Х.Нямбаатар тодотгов.


Улаанбаатар хот MNS 6561:2024 стандартын 0-12 ангилалд багтсан 771 үйлдвэр аж, ахуйн нэгжийг цэвэр усаар хангаж, хэрэглээнээс гарсан хаягдал бохир усыг хүлээн авч, татан зайлуулах гэрээтэй ажилладаг. Үүнээс 470 нь боловсруулах чиглэлийн үйлдвэр, 131 нь эмнэлэг, 170 нь ресторан, цайны газар бий. Урьдчилан цэвэрлэх байгууламжтай 34 үйлдвэр, аж ахуйн нэгж байдаг аж.

Related news