Хилсээр нутаг буцаагдсан Сальвадорын иргэн шоронгоос суллагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-23 11:43:16

ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 23 /ВВС/. Цагаачдын эсрэг Трампын кампанит ажиллагааны явцад хилсээр нутаг буцаагдаж, дараа нь АНУ-д буцаж ирсэн Сальвадор улсын иргэн Килмар Абрего Гарсия шоронгоос суллагджээ.


Түүний өмгөөлөгч Шон Хекерийн ярьснаар, Абрего Гарсия одоо Мэрилэнд муж улс дахь гэр рүүгээ буцах гэж байгаа ажээ. Гэхдээ Цагаачлалын албаныхан түүнийг дахин баривчилж, Сальвадороос өөр улс руу албадан гаргаж магадгүй хэмээн өмгөөлөгчид нь санаа зовнисон хэвээр байна.


Абрего Гарсияд тохиолдсон явдал бол Д.Трамп ерөнхийлөгч болсон даруйдаа хэрэгжүүлсэн хууль бус цагаачдын эсрэг үзүүлэн маягийн ажиллагааг харуулж буй тод жишээ юм.  


А.Гарсия 2019 онд өсвөр насандаа АНУ-д нууцаар нэвтэрсэн бөгөөд хэсэг хугацааны дараа Цагаачлалын шүүхээс түүнд “хамгаалагдсан этгээд” гэдэг статус олгосон байна. Учир нь, мафийн дээрэмчид Гарсияд заналхийлж байна гэж үзжээ.


Хэдийгээр тодорхой статустай байсан боловч түүнийг гуравдугаар сард баривчилж, олон сальвадорчуудын хамтаар эх оронд нь буцаасан байна. Дараа нь шүүхээс “А.Гарсияг албадан гаргасан нь хууль бус” гэж үзээд түүнийг буцаан ирүүлэхийг засгийн газарт үүрэг болгожээ. Ингээд зургаадугаар сард Абрего Гарсияг АНУ-д буцаан авчирсан боловч Теннесси муж улс дахь шоронд хорьж, хууль бус цагаачлалыг зохион байгуулахад хамсан оролцсон гэж буруутгасан байна.


Удалгүй Теннессигийн Холбооны шүүхээс А.Гарсияг суллах шийдвэр гаргасан боловч тэрбээр шоронд хоригдсон хэвээр байв. Учир нь, шоронгоос гармагц нь түүнийг дахиад албадан гаргаж болзошгүй гэж өмгөөлөгчид болгоомжилж байлаа. Ийнхүү болгоомжлох үндэслэлтэй байгаа ажээ. Трампын засаг захиргааны төлөөлөгчид мэдэгдэхдээ, Сальвадорын иргэнийг Мексик эсвэл Өмнөд Судан руу албадан гаргаж магадгүй гэсэн байна. Албадан гаргасан хууль бус цагаачдыг байрлуулах талаар АНУ дээрх хоёр улстай хэдийнэ тохиролцсон ажээ.  

 

Related news