ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Хүлээлтээс давсан Вашингтоны уулзалт

ТОЙМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-23 19:36:04

УЛААНБААТАР, 2025 оны наймдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд хэд хэдэн онцлох үйл явдал өрнөсөн бөгөөд тэдгээрээс юуны түрүүнд Вашингтонд болсон Трамп, Зеленский нарын болон АНУ, Украин, Европын удирдагчдын гурвалсан уулзалтыг онцлох нь зүйтэй.


Мөн АНУ ба Европын Холбоо татварын асуудлаар тохиролцоонд хүрсэн, Израилын цэрэг Газа хот руу дахин довтолж эхэлсэн, АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилт болж байгаа, Япон-Африкийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байгаа зэрэг үйл явдлуудыг онцолж байна. 


Хүлээлтээс давсан үр дүнтэй уулзалт


Аляскт болсон Трамп, Путин нарын уулзалтыг залгуулаад даваа гарагт Вашингтон хотноо Трамп-Зеленский болон АНУ, Украины ба Европын орнуудын удирдагчдын уулзалт боллоо. Энэ үеэр АНУ-тай байр сууриа уялдуулан зохицуулсны үндсэн дээр Европын орнууд Украинд аюулгүй байдлын баталгаа олгох тухай асуудлыг хэлэлцсэн байна. Дайн дууссаны дараа Украинд аюулгүй байдлын баталгаа олгоход оролцоход бэлэн гэдгээ Трамп мэдэгдсэнийг В.Зеленский өндрөөр үнэлээд, баталгааг 10 хоногийн дотор боловсруулах нь зүйтэй гэдгийг онцоллоо.


Энэ удаагийн хэлэлцээ хүлээлтээс давсан, маш үр дүнтэй болсныг Трамп, Мерц нар онцлон тэмдэглэлээ.


Украины Ерөнхийлөгч хэлэхдээ, Швейцар, Австри, Турк гурвын аль нэгэнд Оросын Ерөнхийлөгчтэй уулзахад бэлэн гэдгээ илэрхийлсэн бол Оросын тал одоогоор үүнд хариу өгөөгүй байна. Газар нутгийн талаарх эмзэг асуудлыг Путин, Трамп нартай хийх гурвалсан уулзалтаар хэлэлцэнэ гэдгийг Украины Ерөнхийлөгч мэдэгдлээ. 


Харин Д.Трамп Путин-Зеленскийн уулзалтад бэлтгэх үүргийг дэд ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга, тусгай элч нарт өгсөн бөгөөд уулзах газрыг жич товлох ажээ.


Газа хотыг эзлэх ажиллагаа эхэлжээ


Зуучлагчид болох Египет, Катар улсуудын зүгээс гал зогсоох талаар тавьсан саналыг ХАМАС  бүлэглэл  хүлээн авсан байна. Гал зогсоосон тохиолдолд тус бүлэглэл одоо барьцаанд байгаа 10 хүн болон 18 хүний цогцсыг Израилын талд шилжүүлэн өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэн бол Израилын тал барьцаанд байгаа бүх 50 хүнийг /тал хувь нь амьд байж магадгүй/ сулласан тохиолдолд гал зогсоох саналыг хүлээн авна гэжээ.


Израилын хотуудын гудамжинд олон мянган хүн жагсаж, дайныг зогсоож, барьцааны хүмүүсийг суллахын тулд ХАМАС бүлэглэлтэй тохиролцоонд хүрэхийг Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуд уриалсан байна. Үүнтэй зэрэгцэн Израилын арми Газа хотыг эзлэн авах ажиллагааг эхлүүлж, 60 мянга гаруй бэлтгэл цэргийг дайчилсан нь олон улсын зүгээс ширүүн шүүмжлэлд өртлөө.


Атлантын далай дамнасан тохиролцоо


Европын бараанд ногдуулах татвараа АНУ 15 хувиас хэтрүүлэхгүй, харин Европын Холбоо /ЕХ/ Америкийн бараанд татвар ногдуулахгүй, Европын компаниуд олон зуун тэрбум долларын эрчим хүч, бараа бүтээгдэхүүнийг худалдан авна гэсэн тохиролцоонд хүрсэн тухай ЕХ, АНУ-ын хамтарсан мэдэгдэлд дурджээ. Тохиролцоонд хүрэхээс өмнө ЕХ-ны бараа бүтээгдэхүүнд 30 хувийн татвар ногдуулах төлөвтэй байсан юм.


Тодруулбал, Европын улсууд 2028 он гэхэд Америкаас 750 тэрбум долларын газрын тос, цөмийн эрчим хүч, шингэрүүлсэн шатдаг хий, мөн 40 тэрбум долларын хиймэл оюун ухааны чип худалдан авахаар тохиролцжээ. 


Трампын засаг захиргаа Intel-ийн 10 хувийг эзэмшинэ


АНУ-ын засгийн газар Intel компанийн нийт хувьцааны 9,9 хувийг худалдан авах тухай хэлэлцээрт хоёр тал баасан гарагт гарын үсэг зурлаа. 8,9 тэрбум ам. долларын үнийн дүн бүхий тохиролцоо нь Америкийн эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд нэн чухал хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг сэргээхэд чиглэжээ.


АНУ-ын Худалдааны яамны мэдээллээр, засгийн газар тус компанийн 433,3 сая ширхэг хувьцааг зах зээлийн үнээс доогуур өртгөөр буюу нэг ширхэгийг 20,47 доллароор худалдан авах ажээ.


Үүнтэй зэрэгцээд Японы “SoftBank” компаниас “Intel” компанид 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн тухай мэдээлэл цацагдлаа. Энэ мэдээлэл болон Цагаан ордон “Intel”-ийн хувьцааг авах гэж байгаа тухай мэдээлэл гарснаар тус компанийн хувьцааны ханш 6 хувиар өссөн байна.


Солонгосын хойгт томоохон хээрийн сургуулилт болж байна


Даваа гарагт жил тутам явагддаг АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан “Эрх чөлөөний бамбай-Ульчи” гэдэг нэртэй хээрийн сургуулилт эхэллээ. Ирэх даваа гараг хүртэл үргэлжлэх тус хээрийн сургуульд Өмнөд Солонгосын 18 мянга орчим, Америкийн мөн тооны цэрэг оролцож байна.  Энэ бол Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён 6 дугаар сард албан тушаалдаа орсноос хойш болж буй анхны хамтарсан хээрийн сургууль бөгөөд Солонгосын хойгт урьдчилан таамаглахын аргагүй гэнэтийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд хариу арга хэмжээ авах зорилготой юм.


Өмнөх жилүүдийн сургуулилтуудаас ялгарах онцлог гэвэл, Умард Солонгос, Оросын цэргийн хэлхээ холбоо гүнзгийрч буй нөхцөлд цөмийн, пуужингийн ба нисгэгчгүй нисэх аппаратуудын дайралтыг няцаахад бэлэн байх тактикийг боловсруулах явдал юм. Мөн төлөвлөөд буй 40 орчим хээрийн дадлагаас хагасыг нь 9 дүгээр сард хийхээр хойшлуулжээ. Энэ нь Өмнөд Солонгост ер бусын их халуун болж байгаагаас гадна Ли Жэ Мёны засаг захиргаа Умард Солонгостой яриа хэлэлцээг сэргээхийг оролдож буйтай холбоотой хэмээн ажиглагчид таамаглаж байна.


Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун хэлэхдээ “Өмнөд Солонгос-Америкийн талууд “дайсагнасан” цэргийн сургуулилт хийсээр байгаа нөхцөлд манай улс цөмийн зэвсгийн нөөцөө эрс нэмэгдүүлэх ёстой гээд энэ сургуулилт бол тэд дайн өдөөхийг санаархаж буйн тов тодорхой илэрхийлж байна” гэлээ.


Япон-Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт 


Өнгөрсөн лхагва гарагт Японы нийслэлээс холгүй орших Ёкохама хотноо Африкийн хөгжлийн асуудлаарх олон улсын IX бага хурал /TICAD/ нээгдэж, гурван өдрийн турш үргэлжиллээ.


Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү нээлтийн ёслолд оролцож үг хэлэхдээ, Африк тив нь залуу хүн амтай, асар их эрчим хүчний нөөцтэй, хөгжлийн боломж чадавхийн хувьд ирээдүйтэй, Японд чухал ач холбогдол бүхий газрын ховор элементүүдээр баялаг гэдгээр анхаарал татаж буйг онцлон дурдлаа.


Японы засгийн газар 1993 оноос эхлэн Африктай хамтран ажиллах механизм болох  TICAD-ыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоогоор тус улсын 300 орчим компани Африкийн бүх 54 улсад үйл ажиллагаа явуулж байна. Японы шууд хөрөнгө оруулалтын ердөө 0,5 хувь нь Африк тивд ногдож байгаа байдлыг өөрчлөхийн тулд хувийн хэвшлийн үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих нь Ёкохамагийн чуулга уулзалтын гол зорилтуудын нэг байв. 2024 оны байдлаар Японы гадаад валютын нөөц 3,7 их наяд долларт хүрсэн нь Африкт хөрөнгө оруулах боломж байгааг харуулж байна гэж Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд Такехико Мацуо мэдэгджээ.

Япон болон Африк тивийн 49 орны удирдагчид оролцсон Токиогийн бага хурал хамтарсан тунхаг гаргаснаар өндөрлөлөө.


Ирэх долоо хоногийн гол үйл явдлууд

  • АНУ, Өмнөд Солонгосын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт наймдугаар сарын 25-нд болно
  • Украин, Чехийн Гадаад хэргийн сайд нар Прага хотноо наймдугаар сарын 25-нд уулзана.
  • Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт БНХАУ-ын Тяньжин хотноо наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-ний өдрүүдэд болно.
  • Талбайн теннисний АНУ-ын нээлттэй тэмцээн наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 7-ны өдрүүдэд болно.
  • “Формула-1” ангиллын авто уралдааны Нидерландын Гран-При наймдугаар сарын 29-31-ний өдрүүдэд болно. 
Related news