Газрын гүнд нейтрино илрүүлэх төхөөрөмжийг ашиглалтад оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2025-09-08 13:36:08

ГУАНЖӨҮ, 2025 оны есдүгээр сарын 8 /Xinhua/. Өмнөд Хятадын Гуандун мужийн Жянмэнь хотод 700 метрийн гүнд нейтрино илрүүлэгч төхөөрөмжийг албан ёсоор ашиглалтад оруулжээ.


“Жянмэнийн нейтрино ажиглалтын гүний төв” (JUNO) хэмээх нэртэй энэхүү төхөөрөмж нь "мегасайенс" ангиллын нейтриног судлах дэлхийн анхны асар том хэмжээтэй, өндөр нарийвчлалтай систем юм. Уг төхөөрөмж нь бидэнд Орчлон ертөнцийн материал болон шинж чанартай холбоотой үндсэн асуултуудын хариуг олоход тусална” гэж Хятадын ШУА-ийн академич, JUNO хөтөлбөрийн тэргүүлэгч судлаач Ван Ифан онцолсон байна. 


JUNO-г зохион бүтээх ажил 10 гаруй жил үргэлжилсэн бөгөөд энэ төхөөрөмж нь нейтриног жингээр нь ангилах, мөн хэлбэлзлийнх нь шинж чанарыг хэмжих зориулалттай ажээ. Түүнчлэн уг төхөөрөмжийг нэн шинэ одод болон Дэлхий, Нарны нейтриног судлахад ашиглах юм.


JUNO-гийн гол бүрэлдэхүүн хэсэг бол дотор нь 20 мянган тонн шингэн сцинтиллятор байрлуулсан органик шилээр хийсэн бөмбөлөг ажээ. Нейтрино нь энэхүү онцгой шингэн дундуур гарах үед гэрэлтэж эхлэх бөгөөд энэ үед гэрлийн гялбааг фотоэлектрон өсгөгчөөр илрүүлж, бараг баригддаггүй хэсгүүдийн шинж чанарыг судалдаг. 


JUNO-г Хятадын ШУА-ийн Дээд энергийн физикийн хүрээлэнд зохион бүтээсэн бөгөөд энэ ажилд дэлхийн 17 улс, бүс нутгийн 700 эрдэмтэд оролцсон байна.


Related news