Хагас сая орчим сиричүүд Туркээс эх орондоо буцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-09-09 10:55:42

АНКАРА, 2025 оны есдүгээр сарын 9 /ANADOLU/. Сүүлийн есөн сарын хугацаанд Сирийн 474 018 иргэн Туркээс эх орондоо сайн дураараа эргэн ирсэн бөгөөд Сирийн улс төрийн дэглэм өөрчлөгдсөнөөс хойш эх орондоо буцах хүсэлтийн тоо эрс нэмэгдсэн байна. Энэ тухай Туркийн Дотоод хэргийн сайд Али Ерликая мэдэгдлээ.


Туркийн тал Сирийн дүрвэгсдийг сайн дураараа эх орондоо буцахад нь өмнөхийн адил дэмжлэг үзүүлсээр байна. “2024 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс хойш 474 018 сири ахан дүүс маань эх орондоо буцлаа. Харин 2016 оноос хойш эх орондоо сайн дураараа эргэн ирсэн сиричүүдийн тоо 1 213 620-д хүрсэн” гэж сайд хэлэв.   


Энэ үйл явц Ерөнхийлөгч Р.Т.Эрдоганы удирдлага дор явагдаж бөгөөд Туркийн түүхэн туршлага, хүнлэг хандлага, оновчтой шийдлийн ачаар дэлхий дахинд үлгэр жишээ болж байна гэдгийг сайд онцлон тэмдэглэлээ.


Өмнө нь НҮБ-ын мэдээлж байснаар, Б.Асадын дэглэм унаснаас хойш Сирийн 850 мянга гаруй дүрвэгсэд эх орондоо буцжээ. Сирид 2011 оноос хойш үргэлжилсэн иргэний дайнд хагас сая орчим хүн амь үрэгдэж, 23 сая хүн амын тал орчим хувь гэр орноосоо дайжиж, 5 сая гаруй сиричүүд Ливан, Иордан, Турк зэрэг хөрш орнууд руу дүрвэн гарсан байна.  

 

Related news