Индонезид үерийн улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-09-12 16:25:03

ЖАКАРТА, 2025 оны есдүгээр сарын 12 /DW/. Индонезийн хоёр аралд нүүрлэсэн үерийн гамшгийн улмаас 19 хүн амиа алдаж, хэд хэдэн хүн сураггүй болсон гэж холбогдох албаныхан пүрэв гарагт мэдээлжээ. 


Байгалийн гамшигт өртсөн арлуудын нэг нь жуулчдын зорих дуртай Бали арал бөгөөд тус арлын долоон дүүрэгт үер болж, хөрс нурсан байна. Балид 14 хүн нас барсан нь тогтоогдоод байгаа бол хоёр хүн сураггүй хэвээр байна.


Харин бага насны хүүхдийн цогцос олдсоноор Флорес аралд амиа алдсан хүний тоо тавд хүрсэн гэж орон нутгийн эрх баригчид мэдэгджээ. Флорес арлын Нагекео бүсэд сураггүй болсон гурван хүнийг олохын тулд экскаватор болон дулаан мэдрэгчтэй нисгэгчгүй онгоцыг аврах ажиллагаанд дайчилсан байна.


Байгалийн гамшгийн уршгийг арилгах агентлагийн төлөөлөгч Абдул Мухаригийн хэлснээр, гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна. Үерийн улмаас 500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, сургууль, сүм хийдүүдийг түр хоргодох байрны зориулалтаар ашиглаж байгаа ажээ.


Индонезид борооны улирал 11 дүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд ихэвчлэн үргэлжилж, хөрс нурж, үер болдог. Гэсэн хэдий ч уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр шуурганы хүч, улирлын үргэлжлэх хугацаа өөрчлөгдөж, хүчтэй бороо орж, үерийн гамшиг нүүрлэж байна. Индонезийн Ява арал дээр 1-3 дугаар сарын хооронд аадар бороо орж, үер буусны улмаас олон арван хүн амиа алджээ.

Related news