Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтийг байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-12 15:44:18

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсад спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гурван холбоо нэгдэж Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институт байгуулжээ.


Тодруулбал, Монголын спортын анагаах ухааны хөгжил холбоо, Монголын спортын сэтгэл судлаачдын холбоо, Монголын спорт эмчилгээний хоолзүйн холбоод нэгдэж, тэргүүнээр нь спортын гэмтлийн эмч Э.Түвшинбаяр ажиллахаар болов. Тэгвэл тус институт өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.


Энэ талаар институтийн тэргүүн Э.Түвшинбаяр “Шинээр байгуулж буй институтийн үндсэн зорилго нь Монголын спортод шинжлэх ухаан, технологи, инновацад суурилсан арга зүйг боловсруулж, нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Тамирчны гүйцэтгэл, эрүүл мэнд, урт хугацаанд тамирчин илүү амжилт гаргах нөхцлийг нь бүрдүүлнэ. Зөвхөн тамирчид гэлтгүй манай улсын хүн амын эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллаж, эрүүл монгол иргэнийг бэлдэх, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, ахмадууд гээд бүх насныхантай хамтрах юм. Тиймээс манай институт бүх холбоо, хувь тамирчидтай хамтран ажиллахад нээлттэй. Монгол тамирчдыг урт хугацаанд бодитой амжилт гаргахад шинжлэх ухаанд үндэслэсэн суурь судалгааг ашиглаж, хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Бид тив, дэлхийд амжилт үзүүлсэн тамирчдыг төрүүлэхээс гадна зөвхөн монгол хүний онцлог, нөөц чадамжийг батлан харуулахыг хүссэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд БНСУ, Япон, БНХАУ зэрэг Азийн орнуудын сайн туршлагыг эх орондоо нэвтрүүлэхээр маш их судалгаа хийлээ. Улс оронд ямар нэгэн байдлаар ялгаатай байдал, ондоошил, Монгол хүн спортод амжилт гаргахад нөлөөлөх шинжлэх ухааны бодлого хэрэгтэй юм байна гэдгийг мэдэрсэн учраас энэ институтийг байгуулж байна” гэв.


Институтийг олон нийтэд танилцуулах хэвлэлийн хуралд паралимпын аварга У.Сүрэнжав, дэлхийн аварга С.Батцэцэг, улсын харцага Н.Золбоо, гавьяат тамирчин М.Анхцэцэг, Ё.Басхүү нарын тэргүүтэй жүдо, хүндийг өргөлт, волейбол, таэквондо, үндэсний бөх, бокс, мэргэжлийн тулааны тамирчид оролцож сэтгэгдлээ хуваалцсан юм. 







Related news