Ирэх онд НӨАТ-ыг буцаалтыг 5, 2027 онд 10 хувьд хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-12 16:41:07

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. УИХ-ын намрын чуулган ирэх даваа гарагт эхэлмэгц Засгийн газраас хуулийн хугацаандаа өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ.


Тэгвэл Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат тэргүүтэй газрын дарга нар өнөөдөр ирэх оны төсвийн төслийг салбар салбараар нь тоймлон сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. НӨАТ-ын буцаан олголт хоёр хувь байгааг тав болгохоор шийдвэрлэснийг Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн сард мэдэгдсэн. Засгийн газрын энэ бодлого ирэх оны төсөвт тусгалаа олсон бөгөөд буцаалтыг таван хувьд хүргэх шийдвэр үе шаттайгаар хэрэгжих юм.


Энэ талаар Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж НӨАТ-ын баримт бүртгүүлж буй нийт иргэдийн 75 хувь нь сард 1 саяас доош үнийн дүнтэй худалдан авалт хийдэг ч буцаалтын 25 хувийг авдаг. Хамгийн өндөр хэрэглээтэй хүмүүс 25 хувийг эзэлж байгаа ч буцаалтын 75 хувийг авч байна. НӨАТ бол албан татвар. Монгол шиг буцаалт өгдөг улс орон дэлхийн дээр хуруу дарам цөөн байдаг. Энэ бол хэрэглээний татвар. Тиймээс цаашид хэрэглээ ихтэй бол өндөр татвар төлнө гэсэн зарчим баримтална. 2026 онд сард нэг саяас доош худалдан авалт хийсэн иргэд 5 хувийн буцаан олголт авна гэв.


Иргэд өдөр тутам худалдан авалт хийхдээ НӨАТ 10 хувь төлдөг. Иргэд 10 хувийн НӨАТ төлөөд хоёр хувийг нь улирал тутам буцаан авдаг. Тэгвэл ирэх оноос сард нэг сая төгрөг хүртэл үнийн дүнтэй худалдан авалт хийвэл таван хувийн буцаалт авна. Нэг сая төгрөгөөс дээш худалдан авалтад хоёр хувийн буцаалт өгөх аж. 2027 оноос эдгээр дүн өсөж 2, 5, 10 хувийн шатлалтын буцаалтыг нэвтрүүлж, далд эдийн засгийг бууруулахаар тооцоолжээ. Мөн бага орлоготой, бага үнийн дүнтэй худалдан авалт хийдэг иргэдэд илүү өндөр буцаан олголт өгөхөөр тооцсон бөгөөд энэхүү шинэ зохицуулалтыг УИХ дэмжсэнээр хэрэгжих боломжтой юм.   


Энэ онд 85 сая тонн нүүрсийг урд хөршид борлуулах бол ирэх жил 90 сая тоннд хүргэхийг Сангийн яамнаас мэдээлэв. Харин зэсийн экспорт 2030-аас 1894 мянган тонн болж буурах тооцоо хийжээ. Тэгвэл экспортоос 16.6 тэрбум ам.долларын орлого олно гэв. Далд татвар болох инфляц одоо 9.5 хувь байгааг ирэх онд 7.0 болгон бууруулна. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 90 их наяд төгрөгт хүрсэн. Энэ дүнг ирэх онд 102 их наяд төгрөгт хүргэхээр төлөвлөжээ. Ирэх онд Засгийн газраас эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт илүү анхаарах аж. Мөн хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хөнгөлөлттэй зээл олгож, татварын орчныг шинэчлэхээр төлөвлөсөн байна.


Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо Сангийн яам 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа төсвийн эдийн засаг дахь оролцоог бууруулах бодлого барьсан. Илүү хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн загварт шилжинэ. Нүүрсний үнийн уналт ирэх онд гэхээс илүүтэй 2025 оны эдийн засагт голлон нөлөөллөө. Энэ онд Монгол Улс нэг тонн нүүрсийг дунджаар 105 ам.доллараар экспортлох зорилт тавьж байтал дөнгөж он гарангуут 40 хувиар үнэ буурсан. Монгол Улс нэгэнт зах зээл дээр тогтож байгаа үнэд нөлөөлөх ямар ч боломжгүй.

Бид 2025 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 85 сая тонн нүүрс экспортолно гэж тооцоолж байна. Үе шаттай авч хэрэгжүүлсэн ажлаа 2026 онд бүрэн дуусгана. Ирэх жил нийт 90 орчим сая тонн нүүрс экспортлох бүрэн боломжтой. Үнийг ямар нэгэн байдлаар тогтоох боломжгүй. Гэхдээ нүүрсний үнийг нэлээд бага түвшинд буюу 2026 оны төсөвт нүүрсний зах зээлийн үнийг өнөөгийн ханшаар нэг тонныг нь 70 ам.доллараар тооцсон. Төсвийн танилцуулга дээрээ эрсдэлийн судалгаа хийсэн. Гэхдээ төсвийн тодотгол хийх хүртэлх эрсдэл 2026 онд үүсэхгүй гэж үзэж байгаа. Нүүрсний үнийг нэлээд доод хэмжээгээр тогтоож, нүүрсний биет хэмжээ бодитой байгаа” хэмээн ярилаа. 




Related news