“Pop Mart"-ын үнэлгээ буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 16 /Bloomberg/. Хятадын алдартай “Labubu” тоглоомыг үйлдвэрлэдэг “Pop Mart International” компанийн зах зээлийн үнэлгээ наймдугаар сарын 26-нд дээд цэгтээ хүрснээс хойш 13 тэрбум ам.доллароор буурчээ. Ийнхүү буурахад жижигхэн мангас төрхтэй зөөлөн тоглоомуудтай холбоотой дуулиан шуугиан намжсан нь нөлөөлсөн байна.
Есдүгээр сарын 15-ны арилжааны дараа компанийн зах зээлийн үнэлгээ 344 тэрбум хонконг доллар буюу 44.23 тэрбум ам.доллар болжээ. Хонконгийн хөрөнгийн биржийн даваа гаргийн арилжааны явцад "Pop Mart"-ын хувьцаа 9 хувиар буурсан нь дөрөвдүгээр сараас хойших хамгийн том уналт юм. Гэхдээ арилжаа дуусах мөчид энэ бууралт 6.4 хувь болж саарчээ. Он гарснаас хойш "Pop Mart"-ын хувьцааны ханш 180 гаруй хувиар өссөн бөгөөд "Hang Seng" индекс дэх хамгийн сайн үзүүлэлттэй хувьцаа хэвээр байна.
"JPMorgan Chase & Co." компанийн шинжээчид "Pop Mart"-ын хувьцааны талаарх зөвлөмжөө "зах зээлээс дээгүүр" түвшнээс "саармаг" болгон бууруулсны дараа тус компанийн хувьцааны ханш унажээ. Шинжээчид 2025 оны 12 дугаар сар хүртэлх хувьцааны үнийн таамгаа 25 хувиар бууруулж, 300 хонконг доллар болгосон байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, одоогийн үнэлгээ нь бодитой бөгөөд суурь үзүүлэлтүүдийн багахан өөрчлөлт эсвэл хоёрдогч зах зээл дээрх үнэ буурч байгаа тухай, гуравдагч талд лиценз олгох тухай хэвлэлүүдэд гарч буй сөрөг мэдээллүүд ханш буурахад нөлөөлсөн байж магадгүй.
Одоогийн байдлаар "Pop Mart"-ын хувьцаа ойрын 12 сарын ногдол ашгаас (P/E) 23 дахин өндөр үнээр арилжаалагдаж байна.
"Labubu" хүүхэлдэйн тоглоомуудын эргэн тойрон дахь шуугиан намжиж байгаа үед "JPMorgan Chase" компани "Pop Mart"-ын үнэлгээг буурууллаа. Хоёрдогч зах зээл дээр тоглоомуудын үнэ буурч байгаа нь эрэлт суларсныг харууллаа.
"Labubu" дэлхий даяар трэнд болсны ачаар "Pop Mart" компанийн зах зээлийн үнэлгээ 388 тэрбум хонконг долларт (49.8 тэрбум ам.доллар) хүрснээр тус компанийг үүсгэн байгуулагч Ван Нин Хятадын хамгийн залуу тэрбумтнуудын нэг болсон юм. Есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар тэрбээр гэр бүлийнхээ хамт "Forbes Real-Time Billionaires" жагсаалтын 108-д бичигджээ. Түүний хөрөнгө 21.6 тэрбум ам.доллароор (-6.4%) үнэлэгдэж байна. Тэрбээр нэг өдрийн дотор 1.5 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.