MONGOLIAN NATIONAL NEWS AGENCY

АНУ-д роботуудад татвар ногдуулах асуудлыг хэлэлцэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-10-08 13:06:59

ВАШИГТОН, 2025 оны аравдугаар сарын 8 /Кazinform/. АНУ-д 100 сая ажлын байрыг хиймэл оюунаар орлуулах эрсдэлтэй байгаа тул хүмүүсийг технологиор сольж байгаа компаниудад “роботын татвар” ногдуулахыг Ардчилсан намынхан шаардаж байна гэж “FOX Business” сувгаар мэдээлжээ. 


Тус улсын эдийн засгийн 20 гол салбарыг судлахад 15 салбарт ажилчдын талаас илүү хувийг хиймэл оюун эсвэл робот техникээр орлуулж магадгүй байгаа нь тогтоогджээ. Судалгааг Сенатын танхимын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, тэтгэврийн хорооны Ардчилсан намын гишүүд хийж, сенатч Берни Сандерс (Вермонт муж улсыг төлөөлдөг) судалгааны тайланг бичсэн байна. 


Тайлангаас үзэхэд түргэн хоол, худалдааны салбарын ажилтнууд хамгийн ихээр хохирох бөгөөд эдгээр салбарын нийт ажилчдын 89 орчим хувь буюу 3 сая ажлын байраа алдах ажээ. 


Өндөр эрсдэлтэй бусад салбарт харилцагчийн үйлчилгээ, ачаа тээврийн үйлчилгээ, мөн туслахуудын ажил багтжээ. Судалгаагаар эдгээр салбарын автоматжуулалтын түвшин 80 хувиас давна гэж тооцоолжээ.


Тайлангийн гол агуулга нь “роботын татвар” ногдуулах санал бөгөөд өөрөөр хэлбэл хүнийг машин, технологи эсвэл алгоритмаар орлуулсан ажлын байр бүрд компаниуд татвар төлж, татвараас орсон орлогыг цалин хөлснөөс авдаг байсан татварыг нөхөх, ажлаас халагдсан ажилчдыг дахин сургах хөтөлбөрийг дэмжихэд зориулах ажээ. 


"Microsoft" компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс мөн үүнтэй төстэй санааг илэрхийлж, автоматжуулалтаас ашиг олж буй компаниуд “эдийн засгийн доргилтыг намжаахын тулд шударга татвар төлөх ёстой” гэж мэдэгдэж байжээ.


Ташрамд дурдахад, "Figure AI" компани хэзээ нэгэн цагт хүнийг орлох, энгийн ажлуудыг гүйцэтгэх чадвартай хүн дүрст роботуудыг бүтээснээ мэдээлсэн билээ. 

Related news