Сурагчид шинжлэх ухааны ертөнцөөр аялна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-11-15 13:30:06

Монгол Улсад “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын сүүлийн долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Эл өдрийг угтан ШУА-иас санаачлан Нийслэлийн Боловсролын газартай хамтран маргааш “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн, “Сансар од эрхэсийн ордон”-той танилцах аялал зохион байгуулна.

Аялалд нийслэлийн ерөнхий боловсролын 35, 58, 79, 87 дугаар дунд сургууль болон сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн нийт 200 орчим сурагч хуваарийн дагуу Хүннү молл дахь “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн, Одон орон, геофизикийн хүрээлэн дэх Астропаркаар зочилно.

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн 2015 оны 6 дугаар сараас эхлэн Хүннү молл худалдааны төвд “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнг олон нийтэд үзүүлж байгаа билээ. Үзэсгэлэнд тус хүрээлэнгийн сүүлийн 50 гаруй жилийн хайгуул, малтлага, судалгаа шинжилгээний ажлын үр дүнд бий болсон үлэг гүрвэлийн ховор олдвор цуглуулга дэлгээд байна.

Харин ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Сансар од эрхэсийн ордон” нь 2014 оны 6 дугаар сараас ажиллаж эхэлсэн. Хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд “Сансар танхим”-аар зочилж, од эрхэсийн тухай хялбаршуулсан танин мэдэхүйн богино хэмжээний 3D киног үзэж сонирхон, тусгай зориулалтын проектороор шөнийн тэнгэрийн оддыг харах боломжтой. Ингэснээр хүүхэд багачууд шинжлэх ухааны шинэ мэдлэгээр оюунаа цэнэглэж, танин мэдэж, цаашлаад шинжлэх ухаанч, оюунлаг иргэн болон төлөвшихөд нөлөөлөх юм.

Ж.Болор

Related news