Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Нийт шүүгчийн III чуулган энэ сарын 9-10-ны өдрүүдэд үргэлжиллээ.
Чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Сахилгын хорооны үйл ажиллагааны тайлан, Нийт шүүгчийн II чуулганаас Улсын дээд шүүхэд уламжилсан асуудлын хэрэгжилт, Канадын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх Комиссарын газар, Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагууд хамтран хэрэгжүүлж буй “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн танилцуулгатай танилцав.
Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд нэрээ дэвшүүлсэн 15 хүн дэвшиж буй үндэслэл, хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, чуулганд оролцогчдын асуултад хариулснаар санал хураалт эхэлсэн юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүний санал хураалтад 479 оролцсоноос Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч н.Жанчивнямбуу нарыг олонхын саналаар сонголоо.
Анхан шатны шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд нэр дэвшигч Н.Одонтуул, Л.Өлзийжаргал нарын дунд дахин санал хураалт явуулж, 464 хүн саналаа өгснөөс Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргалыг олонхын саналаар сонгов. Үүний зэрэгцээ тогтоолын төслүүдийн эцсийн найруулгыг сонсож баталснаар чуулган өндөрлөлөө.