“40 GHZ” үзэсгэлэнгээр орон зайд бүтээсэн эрчим, энерги, дурсамжийн нэгтгэлийг мэдэрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-10 18:24:02

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. “40 GHZ” Бий контемпорари арт галерейн таван жилийн ойн тусгай үзэсгэлэн олны хүртээл болж байна.

 

Тус галерейг 2020 онд байгуулж, таван жилийн хугацаанд 80 үзэсгэлэн зохион байгуулснаас 40 нь бие даасан уран бүтээлчийн үзэсгэлэн, 40 нь олон нийтийн хамтын төсөл үзэсгэлэн байв. Эдгээр 40 бие даасан үзэсгэлэн өөр өөрийн гэсэн өнгө төрх, материал, үзэл санаагаар ялгарч, урлагийн олон давтамжийг бий болгожээ. Энэ утгаараа ойн үзэсгэлэнгээ “40 GHz” гэж нэрлэсэн байна.

 

“40 GHz” нь өнгөрсөн таван жилийн хугацаанд галерейн орон зайд бүтээсэн эрчим, энерги, дурсамжийг нэгтгэн харуулж байна. Энэ бол уран бүтээлч бүрийн өөр өөр давтамж, сэтгэл, өнгө аясыг нэг долгион дээр уулзуулсан үзэсгэлэн юм. “40 GHz” бол тоон утга биш, урлагийн давтамжийг илэрхийлсэн нэр. “40” нь өнгөрсөн таван жилийн хугацаанд зохион байгуулсан 40 бие даасан үзэсгэлэнг бэлгэдэж “GHz” нь бүтээлч энерги, уран бүтээлчид ба үзэгчдийн хооронд үүсэх долгион, холбоог илэрхийлж байна. Энэхүү үзэсгэлэн урлагийн давтамжид холбогдох орон зайг бий болгож буй.

 

Үзэсгэлэнд залуу, дунд, ахмад үе үеийн уран бүтээлчдийн уран зураг, монгол зураг, хүрэл болон зөөлөн баримал, уран дархан, керамик, гэрэл зураг, график, өрөг болон холимог техникийн ажлуудаас бүрдсэн 40 гаруй галерейн цуглуулгын уран бүтээлүүдээс бүрдэж байна.


Тус үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.





Related news