Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 93 хувьтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай үргэлжилж байна.
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор нэгдүгээр сараас эхлэн нэгдсэн төлөвлөгөө гарган, шат дараалсан ажил хийж байгаа аж. Уг төлөвлөгөөнд инженерийн дэд бүтэц, авто зам, тохижилт, бүтээн байгуулалт зэрэг нийт 750 төслийг тусгажээ. Тухайлбал, дулаан хангамжийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 98 хувьтай байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт. Тэгвэл ОСНАА 95.4, цахилгаан хангамж 94.7, Эрүүл мэндийн газар 94, Боловсролын газар 88, Ус сувгийн удирдах газар 86 хувийн бэлтгэлтэй байгаа аж. Төлөвлөсөн ажлуудыг энэ сарын 30-ны өдөрт багтаан бүрэн дуусгах юм байна.
УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн ярихдаа “Энэ онд давс, бодис цацагч 24, зам цэвэрлэгээний 111 тусгай зориулалтын машин, техникээр парк шинэчилсэн. Түүнчлэн 9518 тонн давс, 9590 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж буй. Өнөөдрийн байдлаар давсны нөөц бүрэн хангасан, бодисын нөөц 70 хувийн гүйцэтгэлтэй байна” гэлээ.
Улаанбаатар хотын хэмжээнд 48 ТҮК-ийн 3000 гаруй зам талбайн ажилтан, 1000 орчим техник хэрэгсэлтэйгээр 15 сая ам метр талбайд цас, мөсийг цэвэрлэдэг. Харин иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд цас их орсон үед ойр орчмын 50 метр газрын цасыг цэвэрлэх үүрэгтэй юм.