MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Лаг хатааж, шатаах үйлдвэрийг ирэх онд барьж эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-13 16:01:13

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж, хатааж, шатаах технологиор устгаж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ.


Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төсөлд тусгаад буй уг ажлыг хэрэгжүүлэх хүрээнд, одоогоор төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж, Барилгын хөгжлийн төвөөр магадлуулаад байгаа. Барилга угсралтын тендерийг зарлахаар бэлтгэж байгааг НЗДТГ мэдээлэв.


Тус үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд буюу Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн урд талын 40 мянган ам.метр талбайд барих юм. Энэхүү үйлдвэр нь олон улсын стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй технологи ашиглан хоногт дунджаар 250 метр.куб лаг боловсруулж, 238 тонн лаг шатаах хүчин чадалтай. Харин жилд 843.200 метр.куб лагийг дахин боловсруулж, шатаах явцад гарсан утаа, хий зэргийг өндөр технологийн агаар цэвэршүүлэх системээр шүүх аж.


Түүнчлэн, Төв цэвэрлэх байгууламжаас гарсан лагийг боловсруулж устган, хөрс, ус, агаарын бохирдлыг багасгаж, хаягдлыг дахин ашиглаж, эрчим хүч үйлдвэрлэхээс гадна ажлын байр нэмэх ач холбогдолтой юм. 

Related news