Венесуэлд нууц ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосныг буруушаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МЕХИКО, 2025 оны аравдугаар сарын 16 /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэлийн эсрэг нууц ажиллагаа явуулахыг Тагнуулын төв газарт зөвшөөрсөн гэдгээ мэдэгдсэнийг Венесуэлийн засгийн газар буруушаалаа.
"Венесуэлийн тогтвортой байдлын эсрэг чиглэсэн ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн гэдгээ олон нийтийн өмнө хүлээн зөвшөөрсөн АНУ-ын Ерөнхийлөгчийн дайсагнасан, туйлширсан мэдэгдлийг бид эрс буруушааж байна. Энэ бол олон улсын хууль тогтоомж, НҮБ-ын Дүрмийг ноцтой зөрчсөн, урьд өмнө хийж байгаагүй мэдэгдэл бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг ийм илт хэтрүүлсэн, ойлгомжгүй мэдэгдлийг буруушаах ёстой” гэж Венесуэлийн Засгийн газрын мэдэгдэлд дурдсан байна.
Венесуэлийн эрх баригчид мөн Тагнуулын төв газрын төлөвлөгөө болон АНУ-ын цэргүүдийг Карибын тэнгисийн бүс нутагт байрлуулах ажиллагааг анхааралтай ажиглаж байна гэж мэдэгджээ.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт наймдугаар сарын 19-нд мэдэгдэл хийхдээ, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мансууруулах бодисны хууль бус наймаатай тэмцэхийн тулд “Америкийн хүчний бүх элементийг” ашиглахад бэлэн байгаа бөгөөд Венесуэлд цэргийн ажиллагаа явуулах боломжийг үгүйсгээгүй хэмээн хэлж байсан юм.
Боливарын Бүгд Найрамдах Улсын эрэг рүү АНУ-ын пуужинт крейсер хөлөг онгоц, цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцыг илгээсний дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. Энэхүү алхам нь өдөөн хатгалга, бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулах оролдлого, мөн Карибын бүс нутгийн цэрэггүй, цөмийн зэвсгээс ангид статустай холбоотой олон улсын гэрээнүүдийг зөрчсөн үйлдэл хэмээн Венесуэлийн тал тодорхойлжээ.