И.Маскт нэг их наяд долларын урамшуулал олгохыг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-11-07 10:45:01

ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /RIA Novosti/.  “Tesla” компанийн хувьцаа эзэмшигчид тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маскт менежментийн шагнал болгон 1 их наяд ам.долларын урамшуулал олгохыг зөвшөөрчээ. Эл шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн жилийн тутмын хурлын үеэр гаргасан байна. 


“Компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Илон Маскт урамшуулал олгохыг 75 гаруй хувийн саналаар дэмжлээ” гэж “Tesla”-гийн төлөөлөгч мэдэгджээ.


Гэхдээ И.Маск ирэх 10 жилийн хугацаанд компанийн зах зээлийн үнэлгээ 7.5 их наяд ам.доллароор нэмэгдсэн тохиолдолд урамшуулал авах ажээ. Урамшууллыг санхүүгийн үзүүлэлтээс хамаарч хэсэгчлэн олгоно. Одоогоор “Tesla”-гийн зах зээлийн үнэлгээ 1.5 орчим их наяд ам.доллар байгаа юм.


И.Маск ярихдаа "хувьцаа эзэмшигчид надад нэг их наяд орчим ам.долларын урамшуулал олгохыг зөвшөөрөхгүй бол удирдаж буй компаниа орхино" гэж сүрдүүлсэн талаар "CNBC" суваг аравдугаар сарын 28-нд мэдээлж байв. Урамшуулал олгохоор болсны зорилго бол цаашид тэрбээр ажилдаа бүрэн төвлөрнө гэдгийг баталгаажуулах юм. 


Өмнө нь Д.Трампын засгийн газарт ажиллаж байхдаа бизнестээ анхаарахгүй байна гэж Маскийг шүүмжилж байсан бөгөөд тэрбээр одоо засгийн газраас гарсан байгаа юм.


"Tesla Motors" компанийг 2003 онд цахилгаан хөдөлгүүрт авто машин болон тэдгээртэй холбоотой технологийг хөгжүүлэх, үйлдвэрлэх зорилгоор байгуулжээ. Тус компани цахилгаан авто машинаас гадна өөрийн технологиор үйлдвэрлэсэн батарей болон цахилгаан хөдөлгүүрүүдийг "Toyota", "Daimler" зэрэг компаниудад нийлүүлдэг. 


Related news