Шатдауны асуудлаар тохиролцоонд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-11-10 09:38:58

ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /Politico/. АНУ-ын Сенатын гишүүд засгийн газрын үйл ажиллагааны түр зогсолтыг /шатдаун/ шийдвэрлэх талаар тохиролцоонд хүрчээ. 


Сенатч Ангус Кинг, Жинн Шейхин, Мэгги Хассен болон Бүгд найрамдах намын сенатчдын хэсэгчлэн хэлэлцсэн уг хэлэлцээрийг урагшлуулахыг Сенат дахь Ардчилсан намын бүлгийн “хангалттай”  олон гишүүн дэмжих төлөвтэй байна гэж нэрээ нууцалсан хоёр хүн мэдээлсэн байна.


Сенатын танхим дахь бүгд найрамдахчууд мөн уг тохиролцоог дэмжих төлөвтэй байна. Сенат орон нутгийн цагаар ням гаргийн орой Төлөөлөгчдийн танхимын баталсан баримт бичгийг батлах санал хураалт явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь санхүүжилтийн томоохон хэлэлцээрийн эхлэл болох ажээ.


Энэхүү санал хураалт нь Хөдөө аж ахуйн яам болон Хүнс, Ахмад дайчдын хэрэг эрхлэх яам, цэргийн барилгын төслүүд, Конгрессын үйл ажиллагааг санхүүгийн жилийн турш санхүүжүүлэх хууль тогтоомжуудын багцыг энэ долоо хоногийн сүүлчээр хэлэлцэх нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд хоёр намын болон хоёр танхимын олон сарын хэлэлцээний үр дүн юм. Ням гарагт гаргасан тогтоолын эх бичвэрт дурдсанаар, бусад бүх агентлагийг нэгдүгээр сарын 30 хүртэл санхүүжүүлэх ажээ.

 


Related news