Хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрсэн 600 га талбайг нөхөн сэргээжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. “Оюу толгой” компани Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Цагаан зүрийн голын орчимд хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч, олон жил эзэнгүй орхигдсон 600 га талбайд 12 сая мод тарьсантай дүйцэх хэмжээний газрыг нөхөн сэргээж Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газарт хүлээлгэн өглөө.
Нөхөн сэргээлтийг
БОУАӨЯ-ны бодлогын хүрээнд “Оюу толгой” компани санхүүжүүлж, Сэлэнгэ
аймагт үйл ажиллагаагаа явуулдаг орон нутгийн компаниуд гүйцэтгэжээ. Үүнд, “Жинжий майнинг” компани 400 га,
“Бугант нандин” компани 200 га талбайг нөхөн сэргээж, эвдэрсэн газрын байгалийн хөрсийг сэргээн унаган
төрхөнд нь ойртуулсан байна. Ингэснээр
тухайн бүс нутагт биологийн нөхөн сэргээлт хийх нөхцөл бүрдэж, Цагаан зүрийн
гол унаган төрхөндөө орох эхлэлийг
тавьсныг “Оюу толгой” компани мэдээлжээ.

Тус компани өмнө нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийд 400 га, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд 215 га талбайг нөхөн сэргээсэн. “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн хүрээнд 2027 он гэхэд Сэлэнгэ аймагт хариуцлагагүй уул уурхайгаас эвдэрч, орхигдсон бүх талбайг нөхөн сэргээхийг зорьж байгаа бөгөөд өнгөрсөн гурван жилд нийт 35.1 сая модыг шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж ургуулаад байгаа ажээ.



Ulaanbaatar