АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн шатдауныг зогсоолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-11-13 16:22:54

ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп засгийн газрын санхүүжилтийн тухай хуульд орон нутгийн цагаар лхагва гаргийн орой гарын үсэг зурснаар тус улсын түүхэнд хамгийн удаан буюу 43 хоног үргэлжилсэн шатдауныг зогсоолоо. 


Засгийн газрын үйл ажиллагаа түр зогссон нь төрийн байгууллагуудын ажилтнуудад санхүүгийн дарамтыг үүсгэж, олон тооны зорчигчийг нисэх онгоцны буудал дээр гацахад хүргэсэн юм. Энэ удаагийн шатдаун нь намуудын хуваагдал талцлыг улам бүр нэмэгдүүлсэн бөгөөд Д.Трамп Ардчилсан намынханд шахалт үзүүлэхийн тулд төслүүдийг цуцлах, төрийн байгууллагуудын ажилтнуудыг халахыг оролдох зэрэг урьд өмнө байгаагүй арга хэмжээнүүдийг авсан юм. 


Бүгд найрамдах намаас /БНН/ сонгогдсон Ерөнхийлөгч үүссэн нөхцөл байдалд Ардчилсан намынхныг буруутгаж, сонгогчдод хандан ирэх онд болох завсрын сонгуулийн үеэр тус намд санал өгч “шагнах ёсгүй” гэж мэдэгдсэн байна. “Америкийн ард түмэнд би үүнийг мартаж болохгүй гэж хэлмээр байна. Завсрын сонгууль болон бусад үйл явдлууд дөхөх үед тэд манай улсад юу хийснийг бүү мартаарай” гэж Д.Трамп хэлжээ.


Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүд уг хуулийн төслийг 222-209 саналын харьцаагаар баталснаас хэдхэн цагийн дараа Д.Трамп гарын үсэг зурах ёслол болжээ. Сенатын танхим даваа гарагт уг баримт бичгийг баталсан билээ. Ардчилсан намынхан оны эцэст дуусах эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийг сунгах хүсэлтэй байсан юм. Улмаар тэд үүнийг тусгаагүй хуулийн төслийг дэмжихээс татгалзсан байна. Харин Бүгд найрамдах намынхны хувьд уг асуудлыг өөр цагт хэлэлцэх боломжтой тусдаа бодлогын асуудал гэж мэдэгдэж иржээ.


Сенатын танхимд ирэх 12 дугаар сард болох санал хураалтаас өмнө намууд дээрх асуудлаар тохиролцоонд хүрэх эсэх нь тодорхойгүй байна. Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсоны хувьд танхимаараа хэлэлцүүлэхгүй гэж мэдэгдээд байна. БНН-ын зарим гишүүн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийг сунгахыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн боловч хөнгөлөлт эдлэх боломжтой хүмүүст шинээр хязгаарлалт тавихыг хүсэж байгаа ажээ. 

Related news