"Билигт гүүш-2025" шагналыг орчуулагч Ж.Нэргүй хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136 @gmail.com
2025-11-16 11:52:34

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Нэрт орчуулагч, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Ж.Гэндэндарамын нэрэмжит утга зохиолын орчуулгын шилдэг бүтээл шалгаруулах "Билигт гүүш-2025" шагнал гардуулах ёслол Монгол Улсын Үндэсний номын сангийн Төв байрны Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрдэм шинжилгээний уншлагын танхимд өчигдөр боллоо.


Энэ удаагийн уралдаанд 6 хэлээс орчуулсан нийт 19 бүтээл ирүүлснээс тэргүүн байрт Соёлын гавъяат зүтгэлтэн, орчуулагч Ж. Нэргүй Орос хэлнээс орчуулсан "Маргаашийн туужууд" бүтээлээрээ шалгарч "Билигт гүүш" шагналын эзэн болсон бол дэд байрт орчуулагч, эрдэмтэн М.Чимэдцэеэ гутгаар байрт залуу орчуулагч Б.Сувддулам нар шалгарав.


Дэлхийн уран зохиолын эрдэнэсийн сангаас монгол хэлнээ орчуулан толилуулах хийгээд монголын уран зохиолыг гадаад хэлнээ орчуулах эрдмийг хөхиүлэн дэмжих зорилгоор Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, дуун хөрвүүлэгч Ж.Гэндэндарамын “Билигт гүүш” шагналыг 2015 оноос эхлэн хоёр жилд нэг удаа олгож буй юм.

2015 болон 2017 онд уран зохиолын шилдэг орчуулгын “Билигт гүүш” шагналтнаар Ц.Гомбосүрэн, Б.Магсаржав нар тодорч, Д.Болдбаатар, Ж.Нэргүй, О.Жаргалсайхан, О.Чинбаяр нар шилдэг орчуулагчийн шагнал хүртэж байжээ.


2019 онд “Билигт гүүш” шагналтнаар орчуулагч Д.Болдбаатар хятад хэлнээс орчин цагийн хэлэнд орчуулсан "Баруунш зорчсон тэмдэглэл" зэрэг бүтээлээрээ шалгарсан бол, дэд байрт залуу орчуулагч, яруу найрагч Б.Баясгалангийн англи хэлнээс хөрвүүлсэн дэлхийн нэн шинэ үеийн шилдэг өгүүллэгийн антологи болох "Дур булаам", гутгаар байрт орчуулагч Ж.Оюунцэцэгийн англи хэлнээс хөрвүүлсэн "Хөршүүд" бүтээлүүд тус тус шалгарлаа.


2021 онд "Билигт гүүш" шагналын Билигт гүүшээр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Готовын Аким францын Альбер Камюгийн "Тахал" романы орчуулгаар тодорч, Марсель Прүстийн "Алдуул цагийн эрэлд" зэрэг орчуулгаараа Л.Алтангэрэл дэд байр, Үй Хуагийн "Амьдрахуй", "Цусаа худалдсан тэмдэглэл" зэрэг шилдэг орчуулгаараа залуу орчуулагч Мө.Батбаяр гутгаар байрт шалгарч байв.







Related news