Панам, Хаитигийн шигшээ багууд ДАШТ-ий эрхээ авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-11-19 15:48:07

МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /ТАСС/. Панам, Хаити улсуудын шигшээ багууд КОНКАКАФ буюу Хойд ба Төв Америк, Карибын сав газрын улсуудын бүсэд болсон сонгон шалгаруулах тэмцээнд хэсгээ тэргүүлснээр 2026 оны зун болох ДАШТ-д өрсөлдөхөөр боллоо.


КОНКАКАФ-ын бүсийн тэмцээний сүүлчийн тойргийн тоглолтод Панамын баг Сальвадорын шигшээг 3:0-ээр, Хаити улсын хөлбөмбөгчид Никарагуагийн багийг 2:0-ээр хожсоноор хэсгээ тэргүүлсэн байна. Ингэснээр Панам ба Хаитигийн шигшээ багууд түүхэндээ хоёрдахь удаагаа ДАШТ-д оролцох эрхтэй боллоо. Хаитичууд 1974 онд, харин панамчууд 2018 онд ОХУ-д болсон ДАШТ-д тус тус оролцож байсан юм. 


Мөн Кюрасао хэмээх арлын улсын хөлбөмбөгчид лхагва гарагт шилжих шөнө Ямайкийн шигшээ багтай талбайд нь тоглож, 0:0 харьцаагаар тэнцсэнээр КОНКАКАФ-ын бүсээс ДАШТ-д оролцох эрхээ авч, шуугиан тарьсныг тусад нь мэдээлсэн билээ.


Одоо хэсэгтээ хоёрдугаарт бичигдсэн багуудаас хамгийн сайн үзүүлэлттэй байгаа Ямайк, Суринамын шигшээ багууд КОНКАКАФ-ын бүсээс бусад тивийн багуудтай нэмэлт тоглолт хийснээр ДАШТ-ий эрхээ авах эсэхээ шийдэх юм. 


Ийнхүү ДАШТ-2026-д оролцох болзлыг Мексик, АНУ, Канад, Япон, Иран, Өмнөд Солонгос, Иордан, Австрали, Узбекистан, Шинэ Зеланд, Аргентин, Эквадор, Бразил, Колумб, Уругвай, Парагвай, Марокко, Тунис, Египет, Алжир, Гана, Кабо-Верде, ӨАБНУ, Катар, Англи, Саудын Араб, Сенегал, Кот-д'Ивуар, Франц, Хорват, Португал, Норвег, Герман, Нидерланд, Испани, Бельги, Австри, Швейцар, Шотланд, Панам, Хаити, Кюрасао гэсэн нийт 42 улсын шигшээ багууд хангалаа.


Үлдсэн 6 эрхийг ямар багууд авах вэ гэдэг нь УЕФА-гийн бүсэд болох нэмэлт тоглолтууд ба тив хоорондын нэмэлт тоглолтуудаар шийдэгдэнэ. Словак, Косово, Дани, Украин, Турк, Ирланд, Польш, Босни Херцеговина, Итали, Уэльс, Албани, Чех, Румын, Швед, Умард Ирланд, Хойд Македонийн багууд Европын бүсийн 4 эрхийн төлөө өрсөлдөх бол тивийн хоорондын нэмэлт тоглолтод Боливи, БНАКонго Улс, Ирак, Ямайк, Шинэ Каледони, Суринамын багууд оролцож, 2 эрхийн төлөө өрсөлдөнө. 




Related news