Насаа даран АНУ-ын ахлах сургуульд сурч байсан залуу шоронд оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-11-18 11:57:50

ВАШИНГТОН. /BBC/.  АНУ-ын Пенсильвани муж улсад 4 жил гаруй хугацаанд ахлах сургуульд сурсан нэгэн украин залуу паспорт болон нийгмийн аюулгүй байдлын гэрчилгээг хуурамчаар үйлдсэн хэргээр 2 сарын ял авчээ.

Артур Самари гэх уг залуу нь 2012 онд виз нь дууссанаас хойш "Ашер Поттс" нэрээр ахлах сургуульд элсэн орсон байна. Түүнийг 15 настай охинтой бэлгийн харилцаанд орсон гэх өөр зүйл ангиар буруутгаад байгаа бөгөөд ирэх долоо хоногт шорон руу шилжүүлэх юм байна.

Өөрийгөө 18 настай гэж итгүүлсэн А.Самарин нь тус сургуулийн идэвхтэй гишүүдийн нэг байсан байна.

Цагдаа нарын хэлснээр 2 дугаар сард түүнийг баривчлах үед тэрбээр "А.Поттс" нэрийг ашиглан жолооны үнэмлэхтэй болсон байсан бөгөөд нийгмийн аюулгүй байдлын гэрчилгээг хуурамч нэр, хуурамч төрсөн өдөр ашиглан авсан байсан гэжээ.  

Тэрбээр ирэх долоо хоногоос хоригдож эхлэх бөгөөд бага насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон, паспорт болон бусад баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, өөр хүний биеийн байцаалтыг хулгайлж хууль бусаар олж авсан, хууль бус хуйвалдаанд оролцсон зэрэг 6 зүйл ангиар буруутгагдаад байгаа бөгөөд түүний ялын хугацаа уртсаж магадгүй байна.

2014 оны 5 дугаар сард “Ашер Поттс”-т “Үндэсний хүндэтгэлийн нийгэмлэгийн шинэ гишүүн” гэсэн гэрчилгээг олгож байжээ. Мөн мэдээллээс үзвэл өдгөө 24 настай тэрбээр ашгийн бус хүмүүнлэгийн үйлст оролцож, сурагчдыг цэрэгт бэлтгэх хөтөлбөрүүдэд их хамрагддаг байжээ. Мөн тэрбээр энэ жилийн эхээр Харрисбург дэх залуусын хүчирхийлэл сэдэвт хэлэлцүүлэгт ч оролцож байсан байна.   

Х.Сарнай

 

Related news