“Ардчиллыг бид хамтдаа авчирсан” үзэсгэлэнд түүхэн болон шог гэрэл зургийг дэлгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136 @gmail.com
2025-12-05 13:56:55

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. “Ардчиллыг бид хамтдаа авчирсан” түүхэн гэрэл зураг, шог зургийн хамтарсан үзэсгэлэнгийн нээлт Монгол арт галерейд өнөөдөр болно.

 

Энэхүү үзэсгэлэн 35 жилийн өмнө ардчиллыг авчирсан жирийн иргэдийн дуу хоолой, оролцоо, зоригийг дахин сануулж, өнөө үеийн үзэгчдийн дунд түүхэн ой санамжийг сэргээхэд чиглэж байна.

 

Үзэсгэлэнд МУСГЗ, гэрэл зурагчин С.Цацралтын 1989-1990 оны Ардчилсан хувьсгалын үеийн бодит баримтат гэрэл зургууд болон МУСГЗ, шог зураач С.Цогтбаярын тухайн үеийн нийгэм, цаг үеийн уур амьсгалыг тусгасан бүтээлүүдээ дэлгэх юм. Үзэсгэлэнгийн бүтээлүүд гэрэл зурагчин С.Цацралтын 60 баримтат гэрэл зураг, шог зураач С.Цогтбаярын 40 гаруй шог зураг, проекц хэлбэрийн видео эвлүүлгээс бүрдэх юм.

 

Гэрэл зургуудын дундаас үзэгчид өөрийгөө, найз нөхөд, эсвэл эцэг эх, ах дүүсийг олж харах боломжтойгоороо үзэсгэлэнгийн үнэ цэн оршиж байна.

 

1990 оны Ардчилсан хувьсгалын эхлэл болсон анхны томоохон жагсаалыг 1990 оны 12 дугаар сарын 10-нд зохион байгуулсан бөгөөд энэ өдөр нь Хүний эрхийн олон улсын өдөртэй давхцдаг. Иймд үзэсгэлэн нь хоёр түүхэн өдрийг хамтатган тэмдэглэж, ардчиллын үнэ цэн, хүний эрхийн эрхэм ач холбогдлыг олон нийтэд дахин сануулж буй юм.

 

Үзэсгэлэнгийн нээлтэд Ардчилсан хувьсгалд оролцсон иргэд, тэдгээрийн найз нөхөд, гэр бүл үр хүүхдүүд, тухайн үеийн нэр бүхий улс төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцоно.

 

Үзэсгэлэн энэ сарын 11-нийг хүртэл олны хүртээл болно.

Related news