Амьтны арьс шир бэлтгэхийг эсэргүүцэгчид нүцгэлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-12-12 13:48:32

БАРСЕЛОН. /Sputnik/. Испанийн Барселон хотод  амьтны эрхийг хамгаалагчид амьтны арьс шир бэлтгэдэг аж ахуйнууд дахь аймшигт дүр зургийг олон нийтэд үзүүлэх зорилгоор хотын төвд нүцгэлжээ.

100 гаруй хүн “AnimaNaturalis" гэдэг амьтны эрхийг хамгаалах бүлгийн гишүүдтэй хамт хувцсаа тайлж, өөрсдийгөө улаанаар будаж, дээр дээрээ давхралдан хэвтжээ. Үүгээрээ тэд амьтдын арьсыг хуулж аваад, биеийг нь овоолон хаяж байгааг дүрсэлжээ.

Тэдний зарим нь торон дотор байгаагаар өөрсдийгөө илэрхийлсэн байна. Нэгэн жагсагч ярихдаа "Испанид нэг хүрэм хийхийн тулд хэчнээн амьтны амийг таслах ёстой вэ?" гэлээ. 

Амьтны арьс шир бэлтгэдэг аж ахуйнууд зөвхөн арьсыг нь авахын тулд жил бүр 60 сая гауй амьтныг хөнөөдөг бол Европын Холбооны улсуудад гэхэд ийм зорилгоор 32 сая амьтныг нядалдаг гэж “AnimaNaturalis” мэдээлжээ. Дэлхийн усны булганы 70 хувийг, үнэгний арьсны 63 хувийг Европт бэлтгэдэг байна.

“AnimaNaturalis” бүлэг Испани болон Латин Америкт амьтны эрхийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ажээ.

 Х.Сарнай

 

Related news