Улз голын сав газарт байгальдаа дасан зохицох хөдөлгөөн өрнөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-10-15 11:47:30

Уур амьсгалын өндөр эрсдэлтэй Улз голын сав газраар амьдарч, ажиллаж байгаа нутгийн зон олон байгаль дэлхийтэйгээ дасан зохицож амьдрах хөдөлгөөнийг хэрхэн өрнүүлээд байгаа талаар газар дээр нь очиж хийсэн цуврал сурвалжлагаа толилуулж байна.

“Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн ажилтнууд энэ сарын 3-12-нд Улз голын сав газраар зорчиж уг төслийнхөө хэрэгжилттэй танилцлаа.

Уг аяллын бүрэлдэхүүнд Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны төлөөлөгчид, алс баруун хязгаарын Увс аймгийн Тариалан, Түргэн, Улаангом, Бөхмөрөн, Ховд, Наранбулаг, Сагил сумын төслийн зохицуулагчид болон Хэнтий аймгийн Батноров, Норовлин, Баян-Адарга, Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Чулуунхороот, Гурванзагал, Чойбалсан, Сэргэлэн сумын төслийн зохицуулагчид оролцож төсөл хэрхэн хэрэгжиж байгаатай танилцаж, харилцан туршлагаа солилцсон нь энэ удаагийн орон нутгийн мониторингийн хөтөлбөр бүхий ажил хэрэгч аяллын онцлог нь оршиж байлаа.

Тухайлбал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй төслийн үр шимийг хүртэгчид болон Улз голын сав газрын сумдын бүлэг, нөхөрлөлүүд өөр хоорондоо туршлага солилцох, бүтээгдэхүүнээ сурталчлах зорилгоор Дорнод аймгийн Баян-Уул суманд зохион байгуулсан “Нөхөрлөлийн хөгжил” наадам, “Намрын ногоон өдрүүд-2015” өдөрлөгт тус аяллын багийнхан оролцсон юм. Тэдний дараагийн аяллын маршрут Хэнтий аймгийн Баян-Адарга, Батноров, Норовлин сум байлаа. Экосистемд түшиглэсэн дасан зохицох төслийн хүрээнд Батноров суманд хэрэгжиж буй шахмал түлшний цехийн ажил байдалтай танилцсан юм. Тус цехийн ажилчин А.Мягмаржавтай уулзаж ярилцлаа.
-Танай шахмал түлшний цех хэдийнээс эхэлж ажиллаж байна вэ?
-Шахмал түлш боловсруулах тоног төхөөрөмж энэ оны нэгдүгээр сард ирсэн, үйл ажиллагаагаа өнгөрсөн гуравдугаар сараас явуулж сумын албан байгууллагуудын нүүрсний нунтаг хог болон өтөг, бууц зэрэг хаягдал түүхий эд ашиглаж шахмал түлш үйлдвэрлэж байгаа. Энэ хавар үйлдвэрлэсэн хямд түлшээ сумынхаа айл өрхийн түлшний хэрэгцээнд гаргаж борлуулаад дууссан. Үнэхээр үр дүнтэй ажил болсон. Сумын иргэд ийм хямд түлштэй болж байгаад ам сайтай, сэтгэгдэл өндөр байгаа. Энэ жилийн хувьд ажлын байрны дээврээс дусаал гоожоод ажил нэлээд саатсан. Сумын захиргаанаас бидний ажлыг дэмжээд энэ складыг гаргаж өгсөн юм. Харин дээврийг нь засч хараахан амжаагүй л байна. Ер нь цаашдаа өөрийн гэсэн ажлын байртай болохыг зорьж ажиллана.
-Энэ өвөл сумын иргэдээ шахмал түлшээр бүрэн хангах боломжтой юу?
-Энэ жилийн хувьд дээврийн засвар хийж амжаагүй учраас хараахан бүрэн хангаж чадахгүй байх. Цехэд гурван хүн ажиллаж байгаа. Шахмал түлш хийх нөөцийн хувьд хангалттай. Сумын 4 байгууллагын нүүрсний хог байна, сумын ойролцоох малчдын өтөг бууц хангалттай байгаа. Байгаль дээр хог болдог нүүрсний хог, өтөг бууц ашиглаж байгаа нь байгальд хор хөнөөлгүй төдийгүй ой модноос түлээ бэлдэхгүй, холоос үнэтэй нүүрс авахгүй зэрэг давуу тал нь нутаг орондоо дасан зохицож амьдрах нөхцлийг бүрдүүлж байна. Бидний амьжиргаанд их тус нэмэртэй хямд түлш гэдгээрээ чухал ач холбогдолтой юм.
-Байгальд түшиглэсэн дасан зохицох арга барил эзэмшүүлж байгаа төслийн талаар таны бодлыг сонсоё?
-Би өнгөрсөн хавар гурав хоногийн сургалтад хамарсан. Одоо бас нэг сургалтад суух  гэж байна. Энэ төслөөс байгаль, цаг агаарын өөрчлөлтөд дасан зохицож амьдрах нь хүн бүхний эрхэм зорилт болсныг таниулж, хэрхэн дасан зохицож аж төрөх, хамтарч ажиллах арга барилыг түгээж байгаад нь төслийнхөнд талархаж байна.
-Сумын иргэдийн амьжиргаа ямар байна даа?
-Амьдрал давгүй дээ. Гэхдээ хүмүүсийн ярианаас сонсоход улс орны эдийн засгийн хямрал нөлөөлж амьжиргаа хүндэрч байгаа гэх юм. Мал аж ахуйгаа түшиглэдэг хөдөөгийн биднээс бэлэн мөнгөөр мал авч байгаа нь тун ховор болжээ.
Аяллын багийнхан Хэнтий аймгийн төсөл хэрэгжиж байгаа сумдын нөхөрлөл бүлгийн ажилтай танилцах явцад Норовлин сумын хүнсний дэлгүүрийн худалдагч Г.Мягмардаштай уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм. Тэрбээр “Манай сумын иргэдийн амьжиргаа энэ жилийн хувьд жаахан хэцүү л болоод байх шиг. Бэлэн мөнгөтэй хүмүүс багасч, худалдан авах чадвар муудаад байгаа. Хөдөөний малчдаас мал худалдаж авах хүн ч ховордсон. Төлөг гэхэд л 40-50 мянган төгрөгийн үнэ хүрч бараг үнэгүйдээд байна. Энэ жил манай дэлгүүрийн орлого эрс муудаж, хүмүүсийн худалдан авалт буурсан. Сумын төвийн ажилтай хүмүүс нь цалингаас цалингийн хооронд зээл тавиад л явж байна шүү дээ. Гэхдээ түр зуурынх байх л гэж найдаж сууна. Норовлин сумын хувьд сүүлийн жилүүдэд шинэ спорт заал, гурван давхар шинэ сургуультай болсон нь хөгжил ирж байгаагийн нэг жишээ юм. Харин энэ дасан зохицох төсөлд хамрагдсан хүмүүсийн амьжиргаа бусдаас илүү сайн байна уу гэж ажиглагддаг” гэв.  Үргэлжлэл бий.

Д.Өлзий

 

Related news