"Миний хайртай тамирчин" уралдааны шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-12-28 07:28:40

SPS HD телевизээс хүүхдүүдийн дунд зохион байгуулсан  “Миний хайртай тамирчин” гар зураг, зохион бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо.

Тус уралдаан 7-10, 11-13 гэсэн хоёр насны ангиллаар явагдсан бөгөөд Монгол орны өнцөг булан бүрээс нийт 70 гаруй хүүхдүүд өөрсдийн бүтээлээ ирүүлжээ. Спортын эерэг нөлөө, үр өгөөж, ач тусыг хүүхэд залууст таниулж сурталчилах, спортлог эерэг эрүүл амьдралын хэвшилд уриалан дуудах, чиглүүлэх үндсэн зорилготой зохион байгуулсан бөгөөд 12 сарын 5-19-нд хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн юм. Насны ангилал бүрд гар зураг, зохион бичлэгийн төрлөөр эхний гурван байрыг шалгаруулсан юм.

Гар зургийн уралдааны 7-10 насны ангилалд “Олонлог” сургуулийн 5а ангийн сурагч Б.Агарын ирүүлсэн Златан Ибрахимовичийн зураг тэргүүн байр эзэлсэн бол 11-13 насны ангилалд “Шилдэг” бүрэн дунд сургуулийн 8а ангийн сурагч  Л.Төгс-Эрдэнийн “Конор Макгрегор” бүтээл нэгдүгээр байранд шалгарсан байна. Харин зохион бичлэгийн уралдаанд нийт 20 гаруй бүтээл ирснээс 7-10 насны ангилалд   47-р сургуулийн 6в ангийн сурагч Б.Шинэбаяр өөрийн шүтдэг тамирчин Лионель Мессигийн тухай зохион бичлэгээрээ тэргүүн байр эзэлсэн юм.

11-13 насны ангилалд 115-р сургуулийн сурагч Б.Мөнх-Оргилын бүтээл нэгдүгээр байр эзэлсэн. Тэрээр өөрийн хайрлаж, хүндэлж, үлгэр дуурайл авдаг тамирчин болох Криштиану Роналду-гийн тухай зохион бичлэг ирүүлсэн байв. Гар зураг, зохион бичлэгийн уралдааны шилдгүүдэд өргөмжлөл, хөлбөмбөгийн пүүз, өмсгөл, оймс, шилбэний хамгаалалт гэсэн шагналыг SPS HD телевизээс гардууллаа.

Д.Өлзий

Related news