Германаас сайн дураараа буцаж буй дүрвэгчдийн тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-12-28 16:44:34

ЛОНДОН./BBC/. Энэ онд 55 мянган цагаач Германаас эх орондоо буцсан байна гэж "Sueddeutsche Zeitung" сонин Германы дүрвэгч, цагаачдын асуудал эрхэлсэн Холбооны удирдах газрын мэдээллийг иш татан уламжиллаа.

Эх орондоо буцсан цагаач, дүрвэгчдийн ихэнх нь Балканы орнуудын иргэд аж. Учир нь, тэдний хувьд дүрвэгчийн статус авах боломж бараг байхгүй юм. Тэднийг албадан гаргасан тохиолдолд Германд дахин нэвтрүүлэхгүй учраас балканчууд өөрсдөө сайн дураараа нутаг руугаа явжээ. Дашрамд дурдахад, энэ онд Германаас нийтдээ 25 мянган хүнийг эх оронд нь албадан буцаасан байна.

Дээр дурдсан 55 мянган хүнээс 15 мянга нь Албани улсын иргэд аж. Түүнчлэн Серб, Ирак, Косово улсын тус бүр 5 мянган иргэн нутаг буцжээ.

"Sueddeutsche Zeitung" сонинд бичсэнээр, сайн дураараа эх орондоо буцахыг хүсч буй Афганистан, Иран, Иракийн иргэдийн тоо нэмэгдсэн байна. Жишээлбэл, 3200 хүн Афганистан руу буцахаар шийдвэрлэсэн нь нэг жилийн өмнөхөөс 10 дахин өссөн тоо юм.

Сайн дураараа эх орон руугаа явах хүсэлтэй хүмүүсийн гэр бүлд замын зардал зэргийг багтаасан нөхөн төлбөрийг Германы засгийн газар олгодог учраас дүрвэгч, цагаачид нутаг буцах нь нэмэгдэж байгаа гэнэ.  Тус улсын эрх баригчид цагаачдыг эх оронд нь буцаах 3 жилийн хугацаатай хөтөлбөрт зориулан 150 сая евро төсөвлөөд байгаа ажээ.

Сүүлийн нэг жил хагасын хугацаанд Германд нэг сая гаруй дүрвэгчид ирээд байгаа юм.

Г.Доржханд

 

Related news