Монголоос гараад Казахстаны харъяат болж чадаагүй 2300 иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2017-01-03 23:46:31

Казахстанд шилжин суухаар Монгол Улсын харъяатаас гарсан ч аль ч улсын харъяат бус яваа иргэдийн тоо 2300 байна.

Казахстан улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Калыбек Ибрагимович Кобланди М.Хурманханы нэрэмжит аймгийн Хөгжимт Драмын Театрын үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярт оролцох үеэрээ, сэтгүүлчдийн асуултад дэээрх асуудлаар хариулт өгсөн юм.

Тэрээр, "Бэлэн баримтаас үзэхэд Казахстанд их нүүдэл эхэлснээс хойш Монголоос 90 мянга орчим хүн шилжин суурьшлаа. Нүүдэл эхэлсэн тэр үеэр эрх зүйн мэдлэг дутмагийн улмаас Монгол Улсын харъяатаас гарчихаад Казахстаны ч харьяат болж чадаагүй хүмүүс бий. Тэнд очоод зарим нь «боломжийг» ашигласан ч явдал бий. Энэ талаар Элчин сайдын яамны консулын хэлтсээс нүүдэл суудалтай холбоотой байгууллагуудтай хамтарч хийж байгаа ажил ч бий. Консулын хэлтэст одоогоор Казахстаны харъяатаас гарахыг хүссэн 70 орчим хүн бүртгэлтэй байна. Казахстаны зүгээс гадаадаас ирэх хүмүүстээ боломжийн дэмжлэг үзүүлсээр байгаа. 2015 онд Нүүдэл суудлын тухай хуульд багагүй өөрчлөлт оруулсан. Нүүж ирэгсдэд тусгай квот хуваарилах, тээврийн зардалд нь туслах, ирсэнийх нь дараа албаны бүртгэлийг нь хөнгөлөх, нэг жилийн хугацаанд иргэний харъяалалд авах асуудлыг шийдэхээр боллоо. Одоо шилжээд очих хүмүүс баримт бичигээ бүрдүүлэхдээ няхуур хандах, урьдчилан зөвлөгөө авч, нүүдлийн асуудлаар тал бүрийн мэдлэг олох, түүхэн эх оронд нь тохиолдох ахуй амьдралын болон бусад бэрхшээлд ухаалаг бөгөөд туйлбартай хандах нь зүйтэй.

Казахстан улсад нүүж очсон иргэдэд хуулийн дагуу иргэншил өгч, улсаас мөнгөн тусламж үзүүлэх, сургуульд сурах, ажилд ороход тодорхой хэмжээний туслалцаа үзүүлдэг байсан. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ гэж бодож байна" гэсэн юм.

Ш.Айзаря

 

Related news